“Asia News Network” /ANN/ хэмээх Энэтхэгт төвтэй, Азийн 10 гаруй оронд салбартай мэдээллийн байгууллагаас “10 ам.доллар төсөл”-ийг хэрэгжүүлсэн байна.
Тодруулбал, 10 ам.доллараар хэдий хэмжээний “гудамжны хоол” авч болох шалгаруулалтыг Монгол, Малайз, Тайланд, Вьетнам зэрэг Азийн ядуу буурай орнуудын дунд явуулжээ.
Тэгэхэд Монгол Улс сүүл мушгисан байна. Азаар ч гэх юм уу ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөнөөр 10 ам.доллар буюу 25 мянган төгрөгөөр нэлээдгүй хоол хүнс авч Монгол Улс хэрэндээ л Азийн бусадтай орнуудтайгаа өрсөлджээ. Гэвч хамгийн хямдхан агаад хамгийн амттай “гудамжны хоол” авч идэх өрсөлдөөнд 10 ам.доллараар Монголоос илүү их хоол хүнсийг бусад орнуудаас авч чадаж байжээ. Энэхүү видео төсөлд оролцсон багийнхан 10 ам.доллар буюу 25 мянган төгрөгөөр оюутнуудын дуртай бөгөөд хямдхан хоол гэж нэрлэсэн пирошкийг их сургуулийн цайны газраас авч, Монголын хамгийн том задгай зах “Нарантуул”-аас банштай цай авч, мөн хуушуур авсан байна. Мэдээж хооллох бүртээ халуун уух юм авч байсан бөгөөд нэг өдрийн хоолны зардал нь 10 ам.доллараас хэтрэхгүй байх хатуу заалттай аж.
Тэгвэл Вьетнамын нийслэл Ханой хотоос сэтгүүлчдийн багийнхан 10 ам.доллар буюу 225 мянган донгоор өглөөний цай, кофе, өдрийн хоол, зууш, оройн хоол, уух юм авчээ.
Тухайлбал, 225 мянган донгоор шарсан өндөгтэй багет талх, өндөгтэй кофе /өндөгний шарыг өтгөрүүлсэн сүүтэй хольж элсэн чихэр нэмээд хөөсрүүлснийхээ дараа халуун кофе дээрээс нь хийдэг/, чихэрлэг, исгэлэн шөлөн дээр цагаан будааны гоймон болон гриллдэж шарсан тарган гахайн мах хийсэн шөлтэй хоол, будааны зуурмагаар хийсэн амтат шарсан бинтэй, сам хорхойгоор чимэглэсэн гахайн махтай ногоотой хуурга авч иджээ.
Харин Тайландын нийслэл Бангкокт 10 ам.доллар буюу 350 батаар зөгийн бал, сармистай шарж, будаагаар бүрсэн гахайн шарсан мах, гахайн дотор эрхтэн чанаад гарсан бор шөлөн дээр нь будаа хийсэн будаатай шөл, гахайн махтай гоймонтой шөл, будаа, шарсан өндөг, лаврын навчтай тахиан мах авч иджээ.
Аяллын багийнхан сүүлд Малайзын нийслэл Куала-Лумпурт 10 ам.доллар буюу 45 малайз ринггитээр 12 төрлийн зүйл авч иджээ. Түүгээр ч зогсохгүй нэг хүн нэг өдөрт 45 ринггитээр хооллоход хэтэрхий ихдэж байжээ. Дээрээс нь Малайзад гудамжны хоол авч идэхдээ ярилцаж тохироод үнийг нь буулгаж авч идэж болдог нь аяллын багийнханд сайхан байсан аж. Тус улсад хоолны үнэ дэндүү хямдхан байдаг бөгөөд хөрш орнуудтайгаа харьцуулахад хоолны цэснээс дуртай хоолоо захиалж идэх боломжтой байсан гэнэ.
Юутай ч, дээрх үйл явдал Монгол Улсыг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй улс гэдгийг дахин нэг батлах шиг боллоо. Монгол Улс дэлхийн хамгийн өндөр өртөгтэй Лондон, Токио зэрэг дэлхийн хотуудыг ээлж дараалан ардаа орхиж, энэ жагсаалтын эхний 10-т орсон. Гэхдээ бусад оронд авч буй цалин болон цалингийн хоол хүнстэй харьцах харьцаа Монголынхоос тэнгэр газар шиг зөрдөг. Мэдээж Монгол Улсын дундаж орлоготой иргэн өдөрт 20 мянган төгрөгийн орлоготой ажилладаг. Харин үүнтэйгээ харьцуулахад дэндүү өндөр үнэтэй хоол идэж, дэндүү өндөр үнэтэй түрээс, татвар, татаас төлдөг.
Нинж