МОХ гэж Монголын 170 мянга гаруй оюутны эрх ашгийг хамгаалдаг ТББ байгууллага байх. Энэ ТББ-ын удирдлагууд дүрмээрээ 2 жил тутамд оюутнуудын нэгдсэн чуулганаар сонгогддог. Өнгөрсөн хавар оюутны чуулган болсон ч тодорхой шалтгааны улмаас бөөн зөрчил үүсжээ. Учир юу гэвэл Ч.Ганхуяг МОХ-ын Ерөнхийлөгчөөр дахин баттай сонгогдохын тулд 1000 оюутан тутамд 1 төлөөлөгч байх ёстой МОХ-ны дүрмийг дур мэдэн зөрчиж, нэг сургуулиас нэг оюутны төлөөлөгч байхаар тооцон 130 гаруй оюутныг чуулганы төлөөлөгчөөр цуглуулжээ. Үүнийг нь эсэргүүцсэн, олон мянган оюутантай Монголын томоохон Их сургуулиудын оюутны зөвлөлийн дарга тэргүүлэгч, дүүргүүдийн Оюутны холбооны удирдлагууд тус чуулганы хуралдааныг хүчингүйд тооцон хурлаа орхин гарсан байна.
Түүгээр ч зогсохгүй чуулганы төлөөлөгчдийн зарим нь тухайн үеийн МОХ-ын Ерөнхийлөгч “талх” хочит Ч.Ганхуягыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, хөөж туусны улмаас мань эр дахин нэр дэвших бололцоогүй болж оюутны чуулганаас ум хумгүй зугтан гарчээ. “Чоно борооноор” гэгчээр энэ үед тухайн цагт МОХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Х.Батсайхан гэгч хурал хаян гаралгүй үлдсэн хөдөөний голдуу 70 гаруй оюутнуудын дунд өөрийнхөө нэрийг дэвшүүлэн батламжилж, улмаар оюутны холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалд хууль бусаар сонсогдсон байна.
Монголын Оюутны холбоо гэдэг энэ байгууллага нь олон мянган оюутны нэрийг барьж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, автобусны хөнгөлттэй үнээр зорчих тасалбар болон оюутны виза картын нэрээр их хэмжээний мөнгө эргэлддэг байгууллага тул ямар ч үнээр хамаагүй энэ байгууллагын удирдлагыг гартаа авах гэсэн оролдлого хийгдэж байсан бөгөөд тэр нь амжилттай болсон түүх бол одоогийн МОХ-ын Ерөнхийлөгч Х.Батсайханы жишээ юм. Тэрээр МОХ-ны Ерөнхийлөгчөөр хууль бусаар сонсогдсон гэдгийг нотлох баримтууд олон байгаа бөгөөд бид ээлж дараалан олон нийтэд дэлгэх болно.
А.Тамир