Ажлын ачаалал даахгүй гэдэс нь өлсөж, даралт нь ихсэж байгаа гишүүдээ чөлөөлбөл яасан юм бэ

Орхон аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож буй Д.Дамба-Очир гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй их л хачин байдалтай үг хэлж, тэр нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. АН-д Н.Батбаяр гэх согтуу этгээд байдаг бол МАН-д Д.Дамба-Очир гэх согтуу нөхөр байдаг гэх харьцуулалт хүртэл бичигдэж эхэлсэн байдаг.

Тэгсэн мань гишүүн архи огт уудаггүй болж таарлаа. Тэгээд яагаад ээрч муураад, үг хэл нь ойлгогдохгүй байсан талаар асуутал “Тухайн үед Байнгын хорооны хуралдаан 23.00 цагийн үед болж байсан. Миний хувьд даралт ихсээд бие тааруу байсан. Хуралдааны дараа тариа тариулж, эмчилгээ хийлгэсэн. Биеийн байдлаас болоод таны хэл яриа өөрчлөлттэй байна гэж хүмүүс надад хэлж байсан. Би түүнийг анзаарсангүй” гэж тайлбарласан байна.

Ер нь архи уугаагүй үедээ уучихсан юм шиг яриатай хүмүүс бий л дээ. Зарим нэг дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс телевизийн ярилцлагад орохоороо эрүүл согтуу нь мэдэгдэхгүй ярьж байх нь харагддаг. Д.Дамба-Очир гишүүн тухайн орой яалт ч үгүй өөрчлөлттэй байсан. Гэхдээ яг архинаас болсон нь уу, эсвэл даралт ихэдснээс болсон уу гэдгийг хэн батлах вэ. Хэрвээ бие нь өвдөөд ийм байдалтай байсан дээр нь өөрөө юу ярьж байгаагаа ч анзаараагүй бол энэ согтуу байснаас ч долоон дор зүйл болно. Өөрөөр хэлбэл өөрийгөө ямар байдалтай юу ярьж суугаагаа ч мэдэхгүй хүн Монголын төрийг жолоодож байна шүү дээ. Ийм байж болохгүй. Эрүүл саруул хүн л энэ төрийг жолоодох ёстой. Тиймээс хэрвээ төрийн жолоо атгалцах гэж байгаа л бол ажлын ачаалал даадаг л байх учиртай. Ганц өдрийн өл даалгүй хуралдааны үеэр боов, боорцог эргүүлээд явж байсан хүн энэ парламентад бий. Хэнэг ч үгүй бохь зажилж суугаа нь бий. Тэгэхээр МАН-ын олонх болсон парламентад ажлын ачаалал даахгүй нөхдүүд олон байгаа бололтой юм.

Магадгүй үүнээс болоод чуулганы ирц хүрдэггүй байж болох юм. Яасан бэ гэж асуухаар манай гишүүний даралт нь ихэдсэн, гэдэс нь өлссөн, одоохон шүдээ угааж амжаагүй болохоор бохь зажилаад ирж яваа гэж туслахууд нь тайлбарлах юм байна л даа. Ингэж төр жолоодохгүй та минь.

Шар хүү 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …