МАХН-ын бага чуулган хаалттай хуралдаж, С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болж, 23.30 цагт Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ. Уг нь намаараа хэлэлцэж, шийдсэн асуудал. Гэвч МАХН-ын зарим гишүүдэд С.Ганбаатарыг нэр дэвшүүлж байгаа нь таалагдахгүй байгаа бололтой. Тодруулбал, МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг авч ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг шийдвэрийг эсэргүүцэл, мэдэгдэл хийх болсон байна.
Тэрээр “С.Ганбаатар нэр дэвшихээр боллоо. Би дэмжихгүй. 90 жилийн түүхтэй улс төрийн хүчинд туршлагатай, хариуцлагатай, хуулийг шударга хэрэгжүүлэх улс төрч бий. Тэднээс нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн байсан, намын гишүүнчлэлээсээ татгалзсан эсэх нь тодорхойгүй С.Ганбаатар гэдэг хүний нэр дэвшүүлж байгааг би хувьдаа дэмжихгүй байна. Хуульч С.Нарангэрэлийг нэр дэвшүүлэх боломжтой. Улс төрийн туршлагатай, УИХ-ын гишүүнээр сонгогдон аижллаж байсан хүн. Нам буруу хүн нэр дэвшүүлж байгаа учраас би намаас гарах хүсэлтээ албан ёсоор гаргаж байна” гэв.
О.Баасанхүүгийн хувьд намаа УИХ-д суудалтай болгож, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших квотыг авч ирсэн гавьяатай хүн мөн. Тиймээс ч өөрт нь таалагдахгүй хүнийг нэр дэвшүүлбэл эсэргүүцэх, гэдийх эрх түүнд бий гэж ойлгогддог. Гэхдээ 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөртөө багтаж нэр дэвшигчийнхээ материалыг өгөх гээд амь наана, там цаана байхад юун гишүүдийн санал шүүмжлэл манатай л явсан байлгүй дээ. О.Баасанхүүг нам нь дутуу үнэлдэг нь үнэн. Ямар сайндаа л Эрдэнэтэд аваачаад хаячихсан байсан ч нөхөр өөрийн хүчээр л Эрдэнэтийнхний саналыг авч чадсан. Энэ ч утгаараа намдаа томоохон байр суурьтай байх ёстой. Хэлсэн үг нь ч жинтэй, хүчтэй байх ёстой. Гэтэл түүнийг оймсонд хавчуулагдсан үе шиг нь шоовдорлосоор л байна. Тиймээс манай хүн С.Ганбаатарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд ч болов өөрийгөө тоолгохыг хүссэн бололтой. Сонгууль өнөө маргаашгүй болчихоод байхад намд нь сонгуулийн квот авч ирсэн гишүүнээ арай мартчихгүй байлгүй дээ. Ер нь О.Баасанхүүг УИХ-д “түгжил” хэмээн нэрлээд эхэлсэн. Энэ нэрэндээ ч тун их дасч, аливаа үйл ажиллагаанд өөрийн нөлөөллийг оруулахын тулд түгжил хийгээд л явдаг болж дээ, хөөрхий.