Д.Ганбат: Зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно

Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэд шуурхай хүргэх зорилгоор өнөөдөр Зам тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөгт ИНЕГ, “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”, “Автотээврийн үндэсний төв”, Зам, тээврийн хөгжлийн төв болон Далайн захиргаа, бусад  төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яам нь “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” зорилт дэвшүүлж, 2017 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд автотээвэр, төмөр зам, усан зам болон агаарын тээврийн салбарт дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр төлөвлөснийг ЗТХ-ийн сайд Д.Ганбат өдөрлөгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрээр “Энэ онд зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно. Ингэснээр 21 аймгийг нийслэлтэй холбох ажил дуусна. Өнгөрсөн онд Монгол, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамарсан 32 төсөл арга хэмжээ хэрэгжих бөгөөд тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр 13 төсөл арга хэмжээг тусгасан. Төмөр замын шинэ сүлжээг бий болгох бүтээн байгуулалтын ажлыг энэ оны зургадугаар сарын эхээр эхлүүлнэ. Эхний ээлжинд Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээ хүрэн, Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ээлж дараатай эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын бетонон хучилттай 240 км авто зам барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн зам болгох шинэчлэлийн ажлыг мөн ирэх сарын эхээр эхлүүлэх талаар тус өдөрлөгийн үеэр онцолсон юм.

Уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын тээврийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн эрэлт өсөн нэмэгдэж буй юм.  Үүнийг дагаад агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгчид паркийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, орон нутагт төдийгүй, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа аж. Мөн Төв аймгийн Хөшигийн хөндийд байрлах Олон улсын шинэ нисэх буудлын барилгын ажил дуусч, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад бэлэн болсныг сайд дурдлаа.

Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем буюу U-money картыг борлуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгох, болон “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Экобус”-ыг танилцуулж, хуучин  автомашины үзэсгэлэн, жагсаал зохион байгуулав.

Мөн хуучны “ногоон царцаа” буюу” АН-2 онгоцыг талбай дээр байрлуулсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байлаа. Өдөрлөг маргааш буюу энэ сарын 25-ны 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: montsame.mn

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …