Өчигдөр буюу энэ сарын 5-нд Бахрейн, Египет, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират гэсэн Ойрхи Дорнодын дөрвөн орон Катар улстай дипломат харилцаагаа тасалснаа зарлажээ.
Бахрейны засгийн газар мөн өдөр мэдэгдэхдээ, Катар улс Бахрейн улсын дотоод хэрэгт оролцон, терроризмыг дэмжсэн тул гадаад харилцаагаа таслан зогсоож, Бахрейнаас Катарт суугаа дипломат ажилтнуудаа татсан тухайгаа зарлаж, Катар улсыг Бахрейнд суугаа дипломат ажилтнуудаа 48 цагийн дотор татахыг шаардсан байна.
Мөн өдөр Саудын Арабын засгийн газар Катар улс Саудын Арабын дотоод хэрэгт гар дүрж, террорист үйл ажиллагааг дэмжсэн учраас Катар улстай гадаад харилцаагаа таслан зогсоож, агаарын, хуурай замын болон тэнгисийн замын харилцаагаа тасаллаа хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн мэдээллийн агентлагийн мэдээгээр, Арабын Нэгдсэн Эмират улс Катар улстай гадаад харилцаагаа таслан зогсоосноо мэдэгдэж, Катар улсыг бүс нутгийн аюулгүй байдлыг бусниулсан хэмээн буруушаажээ.
Харин Египетийн ГХЯ-наас 5-нд нийтэлсэн мэдэгдэлдээ, Катар улс террорист үйл ажиллагааг дэмжсэн тул тус улстай гадаад харилцаагаа таслан зогсоосон хэмээжээ.