Приус машины онцгой албан татварыг буцаан олгох гурван нөхцлийг журамд тусгана

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно. Ингэхдээ

Нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдах хүртлэх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татварыг төлсөн нөхцөлд буцаан олгоно.

Хоёрдугаарт, импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлсөн ч автомашинаа борлуулж амжаагүй байгаа компанид буцаан олголтыг хийнэ.

Гуравдугаарт, дээрх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлж авто машинаа борлуулсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголт хийхийг Засгийн газраас батлах журамд тусгана” гэж хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг, төслийн нэгдүгээр зүйлийн “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус 100 хувь дэмжив.

Мөн төслийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 1 дүгээр зүйлд заасны дагуу төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ингээд анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …