Телевизийн холбоо нэр дэвшигчдийг халз мэтгэлцэхийг уриаллаа

Монголын телевизийн холбооноос санаачлан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд оролцохыг уриаллаа. Тус холбоо уг мэтгэлцээнийг зохион байгуулах саналтай байгаа ажээ.
Өнгөрсөн нэг сарын турш Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ дэвшүүлсэн гурван намын удирдлагууд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулах асуудлаар уулзаж, гурван телевизээр, гурван удаагийн мэтгэлцээн зохион байгуулах нь зүйтэй гэж тохиролцсон. Харамсалтай нь АН-ын сонгуулийн штабаас мэтгэлцээн хийх боломжгүй хэмээн хүлээн аваагүйгээс гадна мэтгэлцээн хийвэл зөвхөн өөрсдийн сонгосон телевизээр нэг удаа мэтгэлцэх шаардлага тавьсан юм.
Дэлхий нийтэд мэтгэлцээнээр дамжуулан төрийн тэргүүнээ сонгодог тогтсон жишиг бий. Ерөнхийлөгчийн сонгууль бол нийт ард түмний сонголт. Тиймээс Телевизүүдийн холбоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван намын нэр дэвшигчийг халз мэтгэлцэхийг уриалж байгаа ажээ.

Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч А.Энхзул “Ерөнхийлөгчийн сонгууль бол хэн улс орныг удирдах вэ гэдэг ард түмний чухал сонголт учир ганцхан МҮОНРТ-ээр бус, арилжааны буюу Монголын телевизүүдийн холбооны 16 телевизээр явуулахыг хүсч байна” гэв.

Тус холбооноос хоёр удаагийн халз мэтгэлцээнийг Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мэтгэлцээнийг хөтлөх хөтлөгчөөр Ikon.mn сайтаар санал асуулга явуулсны үр дүнд хамгийн өндөр оноо авсан “De facto” Д.Жаргалсайхан, Монгол HD телевизийн Лхагва, Форум нэвтрүүлгийн хөтлөгч Д.Энхбатад санал тавьж, хөтлүүлэхээр төлөвлөжээ. Монголын телевизүүдийн холбоо зохион байгуулахаар болсон нь халз мэтгэлзээнийг 16 телевизээр шууд дамжуулж, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилготой юм байна.

Хуваарийн хувьд мэтгэлцээнийг энэ долоо хоногийн бямба гаригийн 20.00 цагт, дараагийн мэтгэлцээнийг энэ сарын 17-ны бямба гаригт хийхээр төлөвлөжээ. Ийнхүү тэд халз мэтгэлцээн зохион байгуулах саналаа гурван намд илгээсэн байна. МАН, МАХН уг саналыг бүрэн дүүрэн дэмжсэн бол АН-аас өнөөг болтол тодорхой хариу ирүүлээгүй байгаа аж. Тиймээс Телевизүүдийн холбооноос зохион байгуулж байгаа мэтгэлцээн бол бүх ард түмний хүсэлт, дуудлага учраас АН-аас мэтгэлцээнд оролцох хариуг ирүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Э.Цэцэг

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …