Өнөөдөр БХБЯам, НЗДТГ, НЕТГ, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг салбарын төрийн захиргааны байгууллагууд болон төрийн бус байгуулагууд хамтран “Барилга орон сууц-2013” үзэсгэлэнг энэ сарын 06-08-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор хэвлэийн бага хурал хийэн юм.
Зургаа дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд нийт 120 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд тэндээс Улаанбаатар хотод барьж байгаа болон ашиглалтад орсон шинэ орон сууцнуудын дэлгэрэнгүй танилцуулга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн тухай болон барилгын материал, дэвшилтэт технологийн талаар мэдээлэл авах боломжтой юм.
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд хамтран зохион байгуулагч байгууллагуудын уулзалт, семинар, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаа болохоос гадна үзэсгэлэнд оролцогч компаниуд барилгын материал бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ орон сууцандаа хямдрал урамшуулал зарлаж, сугалаат худалдаа явуулах аж.
Улаанбаатар хотод барьж байгаа нийт барилгын 40 гаруй хувь нь тансаг зэрэглэлийн орон сууц, үлдсэн хэсэг нь стандарт зэрэглэл буюу энгийн байрууд байдаг. Энэ хоёр зэрэглэлээсээ хамаарч үнэ нь харилцан адилгүй байдаг юм байна. Тухайлбал байхад хотын захад байрлалтай стандарт орон сууцны үнэ 980 мянган төгрөгөөс эхэлж байхад, тансаг зэрэглэлийн орон сууцны м.кв-ийн үнэ 2,2 саяаас эхлээд дөрвөн сая орчим байдаг байна. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт үнийн өсөлт эрчимтэйгээр өсөхөд хуучин барилгуудыг үнийн өсөлт ихээхэн нөлөөлснийг Барилгачдын холбооны ерөнхийлөгч Г.Батсүх онцлон хэллээ.
Орон сууц сонирхож байгаа иргэд маань маргаашнаас “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн дээр очиж орон сууцны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.
Мөн Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр маргааш буюу энэ сарын 06-нд Барилгачдын талбайд болох гэж байна.