Сангийн яамнаас мэдэгдэл гаргалаа

“Эрдэнэс Монгол” ХХК ба түүний нэгдэл компаниудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг ТӨЛБӨРТЭЙГЭЭР ХУДАЛДАН АВСАН аж ахуйн нэгж, иргэд Засгийн газраас тогтоосон нэрлэсэн үнээр нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт буцаан худалдаж, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд хувьцааны төлбөрөө эргүүлэн авах тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт бүрдүүлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд (ҮЦТХТ), хэрэв ҮЦТХТ-д хандах боломжгүй бол өөрт ойрхон Төрийн банкны салбар, нэгжид 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын цаг дуусахаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

1. Хувьцааг буцаан худалдах хүсэлт (ҮЦТХТ-н баталсан маягтын дагуу);

2. Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолын дагуу “ҮЦТХТ” ХХК-д мөнгө тушаасан баримт эсвэл түүний хуулбар;

3. Аж ахуйн нэгж бол тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан байх);

3.1 Аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд:

3.1.1 Компанийн дүрэм (Эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар)

3.1.2 Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт (татан буугдсан тухай);

3.1.3 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25.3-д зааснаар татан буугдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг татан буулгасан тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр (эх хувь эсвэл түүнийг баталгаажуулсан хуулбар);

3.1.4 Татан буугдсан аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид төлбөрийг хэрхэн авах талаар харилцан зөвшөөрсөн баримт бичиг (Нотариатаар баталгаажуулсан)

4. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар,

5. Тухайн нөхцөл байдлаас хамааран ҮЦТХТ-өөс шаардсан бусад баримт бичиг.

Эх сурвалж: Сангийн яам

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …