Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын Үнэлгээний Төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа юм.
ЭЕШ-ын шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон метал илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ.
Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбат:Нийт шалгуулагчдын 98.5 хувь нь шалгалтандаа ямар нэг асуудалгүйгээр хамрагдсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Улсын хэмжээнд 24 хүүхэд хоцорсон буюу сэдэв материал тараагдаж, хянагч багш цаг харснаас хойш 10-аас дээш минутаар хоцорсон шалтгаанаар Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй байна.
Бичиг баримтын зөрчлөөс болж, 19 хүүхэд шалгалтанд орж чадаагүй, 500 орчим хүүхэд бүртгүүлсэн хэр нь огт ирээгүй гэсэн бүртгэл, тооцоо гарсан. Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй шалгуулагчид цаашид их, дээд сургуульд элсэх боломжгүй.
Цаашид шалгуулагчид бичиг баримтын бүрдүүлэлт дээр анхаарах, шалгалт эхлэхээс цагийн өмнө шалгалтын байранд ирэх, бүх шалгалтын байранд сүлжээ унагаагч, метал илрүүлэгчийг ажиллуулж байгаа учраас шалгалтын байранд гар утас, тооны машин зэрэг бусад тоног төхөөрөмжийг авч орохгүй байхыг анхааруулъя” гэлээ.