Туркийн Эдийн засгийн сайд Нихат Зебекчи өнгөрөгч 17-ны өдөр “Турк Улс дипломат харилцааны хямралд орсон Катар Улсад 5000 тонн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн” гэж хэлжээ.
Тэрээр мөн өдөр Истанбулд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, энэ сарын 5-нд Катар дипломат харилцааны хямрал болон хориг арга хэмжээнд өртсөнөөс хойш, Турк 71 удаа онгоцоор Катарт 5000 тонн хүнсний зүйлийг нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногоос эхлэн усан замаар нийлүүлнэ гэж хэлжээ. Катарт мөн хүмүүнлэгийн бүх эрэлт хэрэгцээгээр хангана гэж тэрээр хэлжээ.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоган мөн өдөр мусульманы мацаг сар дуусах буюу энэ сарын 24-нээс өмнө Катарын асуудлыг шийдвэрлэхийг уриалав. Тэрээр, Туркийн Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар Катар болон Арабын орнуудын хоорондох зөрчилдөөнийг зохицуулахаар харилцаж байна гэсэн юм.
Дашрамд дурдахад, Катар Улс хил давж шонхрын ан хийж яваад террорист байгууллагынханд барьцаалагдсан хааны гэр бүлийнхнийг суллуулахаар босогчдод их хэмжээний бэлэн мөнгө өгснөөс болж хөрш орнууд нь Катар Улсыг террористуудыг санхүүжүүллээ хэмээн дипломат харилцаагаа зогсоосон юм.