Өчигдөр Өмнөд Солонгос Улсын нийслэл Сөүл хотын төвд барилгын салбарын 8000 гаруй ажилчид эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Тэд барилгын компаниудыг солонгос хүмүүсийг ажиллуулах, гадаадын хууль бус хүмүүсийг ажиллуулахаа зогсоохыг шаардсан байна.
Мөн компаниудыг хуулиар зөвшөөрсөн тоо хэмжээнийхээ дагуу гадаад иргэдийг ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавихыг Засгийн газраасаа шаардсан байна. Өчигдөр эхэлсэн жагсаал өнөөдөр хоёр дахь өдөртөө үргэлжилж байна.
Жагсагчид “Солонгос хүнийг ажиллуул!” гэсэн уриаг хэлж, хотын төвөөр алхаж байгаа аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын барилгын салбарын ажилчдын цалин, хангамж төдийлөн сайжраагүй нь компаниуд хямд зардалтай гадаад ажиллах хүчийг ихээр авах болсонтой холбоотой гэж жагсагчид дүгнэсэн байна.
Хууль ёсоор 67,000 гадаад ажилчин ажиллуулах хязгаартай ч нууцаар ажиллуулж байгаа хүний тоо нь 300,000 давсан гэж үзэж байгаа гэнэ. Эсэргүүцлийн жагсаал нь ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг сонгогдсоноос хойш болж байгаа анхны тэмцэл, солонгос хүнийг ажилд авахыг шаардсан агуулгаараа анхдагч жагсаал болж байна.
Жагсаал Ерөнхийлөгчийн ордон, SK, Hyundai, Daewoo зэрэг томоохон барилгын компаниудын байрны дэргэдүүр явжээ. Нийтдээ 2,700 цагдаа аюулгүй байдлыг сахиулахаар ажиллаж байна.
Албаны тоо баримтад дурдсанаар өнгөрсөн онд солонгос биш ажилчдын тоо барилгын салбарт өсөн 290,000-д хүрсэн нь нийт ажиллах хүчний 35 хувь болжээ.
Өмнөд Солонгост өнгөрсөн онд 2,049,441 гадаадын иргэн амьдарч байсан нь хүн амын 4 хувь болж байгааг хууль зүйн яамны тоо баримт харуулж байна.
Товчхондоо, Монгол болон бусад ядуу буурай орнуудаас БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр очсон хүмүүст солонгосчууд ажлын байраа алджээ. Энэ нь гадаад ажилчид хямд үнээр ажиллаж, элдэв янзын шаардлага тавьдаггүйтэй холбоотой юм. Ямартай ч Солонгосчууд жагсаалаа үр дүнтэй хийдэг ард түмэн. Тэднийг жагсаалыг хэрхэн шийдэлд хүргэдгийг Ерөнхийлөгч Пак Гын Хэг буулгасан явдлаас харж болно.