Монгол улсад хууль дүрэм гэж бий, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж бас бий. Гэтэл зарим барилгын компаниудад Монгол улсын хууль дүрэм, шүүхийн шийдвэр нөлөөлдөггүй бололтой.
Хааяа хаяагаа дэрлэн эмх замбараагүй баригдсан барилгыг хараад бид хот төлөвлөлтийн тухай их ярьдаг. Харамсалтай нь барилгын компаниуд анх барихаар төлөвлөж батлуулсан зураг төслөө дур мэдэн өөрчилдөг, талбайг нь өргөтгөдөг явдал хот төлөвлөлтийг эмх замбараагүй болгох нөхцөл болж байна. Ийм компаниудад барилгын ажлаа зогсоох, зураг төслийнхөө дагуу ажлаа явуулахыг шаардсан шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гаргасанч түүнийг биелүүлэхгүйгээр шөнөөр голдуу барилгын ажиллаа явуулсаар байгаа жишээ олон. Энэ бүхний дараа нь “нэгэнт олон давхар барилгын бетон цутгачихсан юм чинь одоо яах ч арга алга” хэмээн шүүхийг аргалаад өнгөрдөг жишиг одоо ч улам бүр газар авах бий дээ.
Ийм зөрчил үргэлжилсээр ноднин жилийн 9 сард “Тэнгис” кино театрын өмнө баригдаж байгаа өндөр барилга, зөвшөөрөгдсөн талбайн хэмжээгээс хэтрүүлэн барилга барьсны улмаас явган хүний замаар алхаж явсан оюутан залуугийн дээрээс төмөр унаж, амь насанд хүрч байсан удаатай.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл биелүүлэхгүйгээр барам зөрчин барилгын ажлаа явуулж байгаа “том толгойтой” компаниудыг яах вэ Хууль зүйн сайдаа.
Ийм барилгын ажил явагдаж байгаа газрын нэг бол Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Бөмбөгөрийн урд,”Евро-фарм” эм ханган нийлүүлэх газрын дэргэд баригдаж буй иргэн П.Мөнхтамирын “Мон-фа” эм ханган нийлүүлэхийн барилга юм. Тэд анх гарсан барилгын зураг төслийг дур мэдэн өөрчилж барилга хоорондын зайг зөрчиж хажуу хөршийнхөө цонхыг таглан, 10 см-ийн зайтай барьж, хөршийн эрхийг ноцтой зөрчжээ. Үүнтэй холбогдуулан гаргасан хөршийн гомдлыг нь үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүгч Ч.Алтантуяа 7 сарын 10-ны өдөр эл барилгын ажлыг зогсоохыг хариуцагч П.Мөнхтамир, гүйцэтгэгч “АСХС” ХХК-ийн захирал н.Алтангэрэл нарт үүрэг болгосон байна. Үүний дараа 7 сарын 22-ны өдөр барилгын ажлыг захиалагч иргэн П.Мөнхтамир тухайн дүүргийн шүүхэд гомдол гаргасан ч түүний гомдлыг Чингэлтэй дүүргийн шүүгч М.Болормаагаар даргалуулсан шүүхийн бүрэлдэхүүн авч хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол гаргажээ. Ингэснээр өмнөх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр нь үлджээ.
Гэсэн хэдий ч хариуцагч П.Мөнхтамир, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг үл тоон барилгын ажил хажуу байрныхаа цонхыг таглан үргэлжлүүлсээр байна.
Иргэн П.Мөнхтамир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг зөрчин барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулж байгаагын цаана түүний ээж Цэндээхүү гэх МХЕГ-т олон жил ажилласан эмэгтэй байдгийг эх сурвалжууд нотолж байна. Тэрээр эл барилгын ажлыг гүйцэтгэгч “АСХС” ХХК-нд хандан “барилгын ажлаа үргэлжлүүлж бай, би арыг нь даана” гэж хэлэн хууль зөрчсөн барилгын ажлаа үргэлжлүүлсээр байгаа ажээ.
Шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан очиж, барилгын ажлыг зогсоохыг шаардахад Цэндээхүү гэгч эл эмэгтэй “Монгол улсын хууль надад үйлчлэхгүй” гэж хэлж байсан удаатай гэнэ.
Энэ мэтийн хууль зөрчин барилгын ажлыг явуулсаар байгаа компаниудтай хэрхэн тэмцэхээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин таны шударга ёсны төлөөх тэмцлийн чинь үр дүн олон нийтэд ил харагдах болно. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй байж таарах уу, Хууль зүйн сайдаа …
Ц.Мөнх