БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг өнөөдөр /2017.06.22/ хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв.
Г.Ариунбаатар нь BBC агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world-2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон юм. Тус уралдаанаас Г.Ариунбаатар гурван цом хүртэж, шилдэг таван дуучны нэгээр шалгарчээ. Тэрбээр тус тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Энэхүү уралдаанд тэрбээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ.