200 гаруй бичил уурхайчид гэр барин суулт зарлалаа

e6d10fbcdb3cce1ebig “Монголын бичил уур­­­хайн нэгдсэн дээвэр” хол­бооноос Ша­рын гол сумын засаг дарга Д.Амарсанаа, Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат нар Дархан-Уул аймгийн Шарын гол суманд олборлолт явуулдаг 670 гаруй бичил уурхайчдын олборлолт явуулж буй газраас нь албадан гаргах хууль бус шийдвэр гаргасан тухай мэдээллэж байсан билээ. /Бичил уурхайчдын олборлолт явуулж буй тус газрыг “Шарын гол” ХХК авсан тул тэднийг хөөж гаргах болсон байна. Гэвч бичил уурхайчид Ашигт малтмалын газраас үнэхээр ашиглалтын ли­ценз авсан эсэхийг тодруулахад ямар ч хариу өгөхгүй байгаа бөгөөд зарим эх сурвалжууд нь “Шарын гол” ХХК-ийн нэр дээр зөвшөөрөл байхгүй байгаа гэдгийг мэдэгджээ./

Тэгвэл өнөө өглөө 07:30 цагт Дархан-Уул аймаг болон Шарын Гол сумын цагдаагийн албан хаагчид бичил уурхайчдыг олборлолт явуулж буй газраас нь албадан гаргасан тухай “Монголын бичил уур­­­хайн нэгдсэн дээвэр” хол­бооны тэргүүн О.Цэцэгмаа утсаар бидэнд мэдээллээ. Тэрээр “Биднийг өглөө ажлын цаг эхлэхээс өмнө цагдаа нар ирж албадан гаргасан. Бид ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, цагдаа нарын ажлыг хүндэтгэн талбай дээрээсээ техник хэрэгслүүдээ зөөж байна.

Гэхдээ бид нар Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон Д.Амарсанаа нарын энэ хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул тэмцлээ эрчимжүүлж байна. Яг өнөөдрөөс эхлэн Шарын гол сумын засаг даргын тамгийн газрын өмнө 200 гаруй бичил уурхайчид гэр барин суулт зарлаж эхэллээ. Хэрэв тав хоногийн дотор эл шийдвэрээ цуцлахгүй юм бол дараагийн алхам буюу өлсгөлөн зарлах болно.” хэмээсэн юм.

Дархан-уул аймгийн засаг дарга С.Насанбат нь 2009 онд “Шарын гол” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа бичил уурхай эрхлэгчдийн одоогийн олборлолт явуулж буй газарт хууль бусаар газар ухаж, алт олборлон, газрыг нь юу ч үгүй сэндийчээд орхиж байсан аж. Харин одоо ийнхүү Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаатай хуйвалдан бичил уурхайчдын зөвшөөрөлтэй газрыг булааж авч байгаа нь ашиг сонирхлын зөрчил явж байгааг илтгэж байгаа ажээ.

Мөн бичил уурхайчид хоёрхон хүний эрх ашигт тулгуурласан эл хууль бус шийдвэрээс болж 670 гаруй иргэд ажилгүй болж, тэдний ар гэрийнхэн гээд хэдэн мянган хүмүүсийн амьдрал сүйдэх гэж байгаа гэдгийг анхааруулсан юм. Уурхайчид Шарын гол суманд үүсээд буй хууль бус үйл ажиллагааг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Ганбаатар нар анхааралдаа авч газар дээр нь ирж танилцан, хууль ёсны шийдвэр гаргахад туслаж өгөхийг хүсэж байна.

Дашрамд дурьдахад, Бичил уурхайчид С.Насанбатын өмнө нь олборлолт явуулан сэндийчиж хаясан газарт бичил уурхайчид  нөхөн сэргээлт хийсэн юм байна. Мөн Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа нь наймдугаар ан­гийн л боловсролтой бөгөөд төрийн албанд /“Дулаан шарын гол” ТӨК-нд/ найман сар л ажилласан хүн аж. Хуулинд заасан ёсоор Засаг даргаар томилогдож байгаа хүн төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэж заасан байдаг юм байна. Тиймээс бичил уурхайчид хууль бус засаг даргыг огцруулах  хүсэлт гаргаад байгаа ажээ.

Т.Наран

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …