Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах байр ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Үүнээс 904 мянга 336 сонгогч нь нийслэлд байгаа бол хөдөө орон нутагт 1 сая 73 мянга 962 сонгогч байна.
Оройны 19:15 цагийн байдлаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны 1868 дугаар хэсгийн санал авах байранд санал хураалт хэдэн хувьтай явж байгааг сурвалжиллаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны 1868 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Н.Дарханбаатараас цаг үеийн мэдээлэл авлаа.
– Танай хэсэг дээр сонгуулийн насны нийт хэдэн хүн саналаа өгөх вэ?
– Манай хэсэг дээр санал өгөхөөр 2251 хүн бүртгүүлсэн байгаа
– 19:15 цагийн байдлаар ирц хэдэн хувьтай явж байна. Нийт хэдэн хүн саналаа өгсөн байна вэ?
– Одоогоор 19:15 цагийн байдлаар 967 иргэн саналаа өгчээ. СЕХ-нд санал хураалтын мэдээг гурван удаа гаргаж өгөх ёстой. Хамгийн сүүлд 17:00 цагийн байдлаар сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн дүн мэдээллээр 44.4 хувьтай байсан. Харин одоогийн байдлаар 56 хувьтай явагдаж байна. Манай хэсгийн хороон дээр одоогийн байдлаар ямар нэгэн гомдол гараагүй санал хураалт хэвийн явагдаж байгаа. Өглөө санал хураалт эхэлснээс хойш хоёр удаа гадаадын ажиглагч нар манай хэсэг дээр ирсэн.
– Өчигдөр зөөврийн хайрцгаар хэдэн хүнээс санал авсан бэ?
– 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр буюу өчигдөр өөрийн биеэр саналаа өгч чадахгүй 12 иргэнээс зөөврийн хайрцгаар санал авсан байгаа.
-Танай хэсэг нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Есөн хүний бүрэлдэхүүнтэй. Зохион байгуулагч 7, Иргэний бүртгэл 2 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
–Намуудаас хэчнээн ажиглагч байгаа вэ?
-Ардчилсан намаас 4, Монгол ардын намаас 4, Монгол Ардын Хувьсгалт намаас 4 нийт 12 ажиглагч ажиллаж байна.
-Танай хэсэг дээр залуучууд хэр идэвхтэй саналаа өгч байна вэ?
-Ерөнхий ажиглаж байгаагаар 26-40 насны иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна. 26 наснаас доош насныхан идэвхгүй оролцож байгаа нь ажиглагдсан.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Г.Нараа