Олон сайхан үзмэртэй музей Төрийн ордоны чанх ард үйл ажиллагаа явуулдаг байлаа. Гэвч барилга нь нурах аюултай гэдэг шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож, хаалгыг нь цоожлоод олон жил болчихлоо. Уг нь 2014 онд “Байгалийн түүхийн музей”-г шинээр барих зураг төслийг бэлэн болгосон байдаг. Анх шинээр музейн барилга барихад 53 сая ам.доллар шаардлагатай гэж байсан ч зураг төслийг гаргах явцад 16 сая ам.доллар байхад хангалттай гэж үзжээ. Улмаар энэ хөрөнгийг БНСУ-ын Засгийн газраас 100 хувь гаргаж, өөрсдөө барьж байгуулахаар болсон гэх мэдээлэл байна. Гэвч бидний динозавртай музей гэж нэрлэдэг Байгалийн түүхийн музейгээс өөр ямар ч мэдээлэл олдсонгүй.
Доторх үзмэрүүд нь хаана байгаа, хэзээ барилга баригдахаар болсон гээд хариулт асуудлууд л ундарсаар байна.
Монгол орны байгалийн ховор нандин олдвор, баримт бичгүүд, нэн ховор ан амьтан, үнэт чулуу, эртний үлэг гүрвэлийн яс гээд энд үнэлж болошгүй их үзмэрүүд байсан. Харин одоо хаана байгаа бол.
Уг нь хэвлэлийн хуудаснаа 2017 онд багтаж музейн барилгыг хүлээлгэн өгсөн гэсэн сайхан гарчигтай ярилцлагууд олон харагдана. Гэвч үнэн төрхөндөө нурах шахсан барилга нь төрийн ордны ард дүнхийсээр байна шүү дээ. Засгийн газар холбогдох яам, агентлаг, албан тушаалтнуудаас музейн барилгатай холбоотой ганц ч олигтой тайлбар хэлсэнгүй.
Харин музейн захирал Н.Зоригтбаатар гэх хүн “зураг төсөл аль эрт бэлэн болсон” гэх тайлбарыг хэвлэлд өгч байж. Бэлэн болчихсон юм бол яагаад, юугаа хийгээд удаад байгаа хэрэг вэ.
БНСУ өөрийн хөрөнгөөр барьж байгуулна гэсэн. Тэгэхээр албан журмаар тус улсад очиж, музей барих ажил юу болсон бэ бид хүлээгээд байна гээд шаардаж болохгүй гэж үү. Чадахгүй бол өөр улс оронд хандсан ч болохоор цаг хугацаа өнгөрлөө шүү дээ.
Хамгийн гол нь ховор нандин гэгдэж буй үзмэрүүд энэ цаг хугацааг хүлээх боломжтой болчихоод байгаа санагдах юм. Олон мянган жилийн өмнөх олдворууд гэдгийг хэн ухаарч, хэзээ хөдөлцгөөх вэ.
11 мянга гаруй үзмэр бий гэсэн албан бус тоо байна. Эдгээр үзмэрүүд найдвартай хадгалагдаж байгаа эсэхийг хэн баталж хэлэх вэ. Хилээр музей үзмэрүүд гараад байгаа юм биш биз. Нурах гэж байгаа барилгын өргөтгөлд мөнгөөр үнэлэшгүй үзмэрүүд тоосонд дарагдан хэвтсээр байна. Уг нь хүмүүст үзүүлээд ашиг орлого олж байсан бол тоосонд дарагдаж хэвтсэн хугацаандаа шинэ барилгаа бариулах зардлаа олчих ч байсан юм билүү. Нэг л сэтгэл дутагдаад байх шиг байна даа.