Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өргөжүүлэх, цахим талбараар дамжуулан оролцох бэлтгэл ажлыг эхлүүллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасны дагуу валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж амжилттай ажиллаж байна.

Энэхүү цахим талбарын арилжаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь харилцагч банкаараа дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Түүнчлэн цахим талбарт идэвхитэй байгаа валют худалдах, худалдан авах саналын ханшийн мэдээллийг цаг тутам, тухайн өдөрт цахим талбарт хийгдсэн арилжааны хэмжээ болон дундаж ханшийн мэдээллийг өдөр бүр Монголбанкны цахим хуудаснаас авах боломж нээгдсэн бөгөөд ингэснээр валютын зах зээлийн бүхоролцогчид ханшийн мэдээллийг цаг алдалгүй ижил эх үүсвэрээс авах боломжтой болсон.

Гадаад валютын ханш нь бусад бараа бүтээгдэхүүний үнийн адил зах зээл дээр суурь хүчин зүйлсээс хамааран хэлбэлздэг бөгөөд бусад үнээс ялгаатай нь улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй үйл явдал, мэдээлэл, зах зээлд оролцогчдын хүлээлтээс ихээхэн хамаарч байдаг. Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримталж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулан шаардлагатай үед тухай бүр захад оролцдог.

Төв банкны валютын захын оролцоог боловсронгуй болгох зорилгоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулах хэлбэрийг банк хоорондын валют арилжааны цахим талбарт шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Монголбанк журам, зохицуулалт, цахим системийг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байна. Ингэснээр дуудлага худалдааг тогтмол давтамжтайгаар зохион байгуулах бус шаардлагатай тохиолдолд цахим талбараар дамжуулан эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдаагүй, ханшийн хэт хэлбэлзлийг бууруулах зарчимд үндэслэн тухай бүр захад оролцож, тогтворжуулах юм.

Эх сурвалж:Монголбанк

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …