60 тэрбум төгрөгтэй холбоотой дуулиан шуугиан намдахгүй, улам анхаарлын төвд орсоор байгаа билээ. Энэхүү 60 тэрбумын бичлэгт нэр холбогдсон А.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “би МАН-ын гишүүн, жил гаруй хугацаанд хууль хяналтын байгууллага болон АТГ-т тайлбар мэдүүлэг өгөөд явж байна. Би хууль дээдэлсэн. Нөгөө талаар 60 минутын бичлэг 90 минут боллоо, 2020 онд 200 минут болох юм байна. Өнөөдөр үнэн бодит мэдээллийг өгөхгүй бол болохгүй юм байна гэж үзээд анх удаа хэвлэл мэдээлэлд хандаж байна. Би хоёрхон асуудлыг бодит баримт дээр тулгуурлаж хэлье. Нэгд, би Доржзодов гэдэг хүн өөрийн хийж ирсэн намын стратеги төлөвлөгөө, санхүүгийн схемийг санал болгож байсан уу гэвэл санал болгож байсан.
Бид танилцаж байсан уу гэвэл танилцаж байсан. Сүүлдээ өөрийнхөө хийсэн юмыг биднийг хийсэн болгоод байна. Биднийг олон хүнтэй уулзахад Доржзодов хамт байсан. Тэгээд тэр бичлэгүүдийг бүгдийг эвлүүлээд, ийм бичлэг хийсэн байна. Ер нь ийм уулзалт болсон уу гэвэл болсон. Би энийг өнөөдөр бодит үнэнээр нь хэлье. Энэ уулзалтаар нийслэлийн намын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Доржзодовын төлөвлөгөө яаж уялдаж болох вэ гэдгийг ярилцсан.
Нийслэлийн намын хорооны дарга Сандуй, Шадар сайд Хүрэлсүх, манай намын генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г. Доржзодов, Ганбаатар нартай энэ уулзалт ярилцлага болсон. Гэтэл энэ улсууд маань тэр санхүүгийн схемтэй холбоотой, төрийн албыг зарж борлуулах тухай асуудал яригдаагүй гэдгийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдрийг хүртэл яагаад ярьж дуугарахгүй байгаа юм бэ. Би ойлгодоггүй юм. Энэ дээр бид нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг яаж өндөр түвшинд гаргах вэ гэдэг талаар ярьсан. Доржзодовын хийсэн ерөнхий төлөвлөгөө, схемийг танилцуулсан.
Өнөөдөр намайг энэ схемийг хийсэн, боловсруулсан, гэж яриад байгаа. Ний нуугүй хэлэхэд би нэг ч удаа төрийн байгууллагад ажиллаж үзээгүй. Өнөөдрийг хүртэл төрийн байгууллагад ажиллаагүй явж байна. 20 гаруй жил бизнесийн байгууллагаар явж байгаа. Итгэл үнэмшлээрээ энэ намд орсон. Миний адил шадар сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар үнэн бодит мэдээлэл хийхгүй байгаад харамсаж байна.
Хоёрдугаарт, Г.Доржзодов гэдэг хүн энэ уулзалтаас 10-аад хоногийн дараа надтай уулзаад санхүүгийн схемийг бүр нарийвчлаад бэлдсэнээ танилцуулж байсан. Би санхүүгийн өндөр мэдлэгтэй хүн биш, ойлгоогүй. Түүнийг хараад тоглоод ингэвэл тийм мөнгө босговол алах юм байна шүү дээ гэж ярьж байсан зүйл бий… Сүүлдээ энэ намыг, хувь хүнийг, Монголын ард түмнийг дэндүү муухай байдалд оруулж байна.Иймээс хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа болохоор илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Хуулийн байгууллага шалгаад хэн хэлсэн. Хэн хэлээгүй гэдгийг гаргаад ирнэ. Үүний дараа би баримт гаргаж , хэвлэл мэдээллийн байгуулалт хандан”гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ үеэр дараах асуултад хариулт авлаа
-Та энэ бичлэгийг эвлүүлэг гээд байна. Нотлох баримт байгаа юу?
-Миний ярьсан зүйлийг эвлүүлээд цацаад байна. Нөгөөтэйгээр огт байгаагүй хүмүүсийг байсан болгоод яриад байгаа. Иймээс үүнийг эвлүүлэг гэж үзэж байгаа. Мөн хуулийн байгууллага эвлүүлэг гэдгийг нотолсон. Бүтэн жилийн хугацаанд миний нэрийг гутаан доромжилж байна. Би Ц.Сандуйтай уулзаж чадахгүй байна. Бид хоёр найзууд. Мөн намын байраар хүртэл орж чадахгүй байгаа. Ингэж хүний нэрийг гутааж болохгүй.
-Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар байсан гэж байна. Энэ хүмүүс байсан гэсэн нотлох баримт танд байгаа юу?
-Надад нотлох баримт байгаа. Өнөөдөр би зургийг авч ирсэн. Одоо энэ асуудал шалгагдаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.
Н.Алт