Монгол Улсын Засгийн газар, үнэт цаасны “Frontier” компанийн хамтран зохион байгуулж буй хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, Элчин сайд нар, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Юуны өмнө Монгол Улсын тогтвортой хөгжлийг болон эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улс хөгжиж байгаа дэлхийн бусад улс орны нэгэн адил эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэхийг зорьж байна. Энэ зорилтдоо хүрэхэд гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал. Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгарч байгаа саад бэрхшээлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь зөвхөн уул уурхай болон түүнтэй шууд хамаарал бүхий салбаруудынх байна. Энэ хэрээр манай эдийн засаг олборлох салбараас хэт хамааралтай хэвээр явна. Эдийн засгийн өрөөсгөл энэ бүтэц болон бусад хүчин зүйлээс хамааран эдийн засгийн өсөлт тогтвортой бус, хэлбэлзэл ихтэйг та бүхэн сайн мэднэ. Сүүлийн 5-6 жилийн дотор гэхэд эдийн засгийн өсөлт 17,0 хувиас 1 хувь болтлоо эрс унасан бол, энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5,3 хувьд хүрлээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарлаа. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчид “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж тодорхойлж буй ийм цаг үед энэ удаагийн чуулган болж байгаад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид Та бүхний өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна.
Та бүхний өмнө одоо бэлэн байгаа хамгийн ойрын боломжуудаас би хэдхэн жишээ дурдъя.
-Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор өмний говьд цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, төмөр зам барих зэрэг ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна.
-Ашигт малтмалын шинэ орд газрууд ч илэрч байна.
-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг дамнасан дэд бүтцийн олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, эхний шатны бэлтгэл ажлуудыг хангалаа.
· Түүхий эдийн үнэ ханш өсч, Оюутолгойн далд уурхайн олборлолт эхлэх болсноор гадаад худалдаа, үүний дотор экспортын урсгал илүү тогтвортой байх урьдчилсан нөхцөл харагдаж байна.
· Монгол орны шавхагдашгүй нөөц болсон мал сүргийн тоо толгой 70,0 гаруй саяд хүрч, хөрш болон бусад улс оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод гаргах чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт ч хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэж байгааг илтгэх үзүүлэлт юм.
Цөөн энэ хэдэн жишээнээс харахад л Монгол Улс та бүхний сонирхох бизнестэй, хөрөнгө оруулах ирээдүйтэй зах зээлтэй улс хэвээр байгаагийн нотолгоо юм. Харин бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчны тухайд нэг талаас хөрөнгө оруулагчид та бүхэн, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний байр суурь ялимгүй зөрөхийг үгүйсгэхгүй. Магадгүй, зарим хөрөнгө оруулагч манай улсын хөрөнгө оруулалтын орчныг “Сайнгүй, эрх зүйн орчин хангалтгүй” гэж болох юм. Үүнтэй би Ерөнхий сайдын хувьд санал нийлэхгүй. Өнөөдөр манай эдийн засгийн голлох салбарууд, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт татдаг уул уурхайн салбар нэлээд жигдэрсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, болзошгүй эрсдлийг зохих төвшинд хаасан, олон улсын жишигт ойртсон эрх зүйн орчинтой болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа. Мэдээж, аливаа хамтын ажиллагаа тал талынхаа эрх ашигт нийцэх эрх зүйн орчинтой байх ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Харин ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж байх ёстой нь бизнесийн хууль гэдгийг энд сануулахад илүүдэхгүй ээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс хөгжиж, төсвийн орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Ард иргэдийн маань зарим хэсэг сүрхий хөлжиж, хөрөнгөжлөө. Энэ нь сайн хэрэг ч, бодит амьдрал дээр улсын хөгжил иргэддээ наалдахгүй, монгол хүний үнэ цэнэ өсөхгүй улам унаж байна. Энэ бол уул уурхайгаас олсон мөнгөө хөгжлийн гол салбарууддаа тэр бүр оруулахгүй, хүндээ онож хөрөнгө оруулж чадахгүй байгаатай холбоотой юм. Бодлогын энэ алдааг засахад хөрөнгө оруулагчид та бүхний дэмжлэг бас хэрэгтэй. Манайхан, хөрөнгө оруулагчид та бүхэн ч манай баялгийг түүхийгээр нь зөөх гээд байдаг. Хэрвээ харилцан ашигтай, бизнесийн зарчмаар их ашиг олъё л гэвэл Монголд нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрүүдэд, мөн баялгийг эрсдэлгүй, богино хугацаанд тээвэрлэх авто болон төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг та бүхэнд уриалж, бас урьж байна.
Энд ганц жишээ дурдахад, Дэлхийн банкнаас гаргасан улс орнуудын Ложистикийн хөгжлийн үзүүлэлтээр Монгол Улс 2016 оны байдлаар дэлхийн 160 улс орноос 108 дугаарт эрэмбэлэгдэж байна. Үүний гол шалтгаан нь зам тээврийн салбарт сүүлийн жилүүдэд дорвитой хөрөнгө оруулалт болон бодитой ажил хийгээгүйтэй холбоотой. Бид улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн шинж чанартай автозамд багагүй хөрөнгө зарцуулж, аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох зорилтыг хэрэгжүүлж байгаа. Харин улсын гадаад худалдааны ачаа эргэлтийн гол чиглэлийн авто болон төмөрзамын тээвэрлэлт, түүний ложистикийн хөгжил сул хэвээр байна. Тухайлбал, манай түүхий эдийн экспортын 30 гаруй хувийг тээвэрлэдэг говийн бүсийн, Гашуунсухайтын боомтын чиглэлийн дэд бүтэц, хилийн нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын баялгийг зөвхөн олборлоход бус, түүнийг боловсруулах, тээвэрлэхэд хөрөнгө оруулах зах зээл та бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улс уул уурхайн салбараа ингэж цогцоор хөгжүүлэх нь тэндээс орж ирсэн орлогоор хүндээ хөрөнгө оруулж, хүнээ болон нийгмийн бусад салбараа хөгжүүлж, тэтгэх зорилготой юм.
Эрхэм хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид ээ.
Манай улсад эрдэс баялгаас бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол Улс 2030 он хүртлэх урт хугацааны хөгжлийн бодлогын нэг гол зорилтоо эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх явдал гэж тодорхойлсон. Манай Засгийн газар энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг уул уурхайн бус салбарын хөгжлийг түлхүү дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тийм учраас та бүхэн энэ удаа зөвхөн уул уурхай бус, хөрөнгө оруулалтын бусад бодит боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь та бүхэнд нэг зүйлийг зориуд онцолж хэлье.
Монгол Улсад хөрөнгө оруулах нэг л зорилготой чуулганыг бид янз бүрийн нэршил дор сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж ирлээ. Заримдаа жилд хоёр, гурваар нь хийлээ. Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад олон ч хөрөнгө оруулагч ирж байна. Гэвч эдгээр чуулганы бодитой үр дүн амьдрал дээр тэр бүр харагдахгүй, үүнээс болж арга хэмжээ маань өөрөө үнэгүйдэх хандлага байгааг зохион байгуулагчид анхаарах хэрэгтэй. Бид цуглаж суугаад ирээдүй цаг дээр олон жил ярилаа. Хөрөнгө оруулалтын ийм чуулганууд одоо хэлбэрийн хувьд дараагийн шатандаа орох хэрэгтэй. Ярьж чуулахаас илүүтэй, хамтарч хийдэг бүтээдэг бодитой хамтын ажиллагаа чухал байна. Энэ удаа үр дүнгүй цугларалт болоод өндөрлөхгүй гэдэгт итгэж байгаа бөгөөд аль салбарт ямар компани хамтын ажиллагааны эхлэл тавьсан, гэрээ байгуулсан, эргэж уулзахаар болсон гээд чуулганы бодит үр дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газарт ирүүлэхийг үүрэг болгож байна. Засгийн газар тэр бүгдийг хуулийн хүрээнд бүх талаар, бодитой дэмжиж хамтран ажиллах болно.
Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.