Гоо үзэсгэлэн, биеэ авч явах соёл, загварын нарийн мэдрэмж, эмэгтэй хүний намба төрхийг өөртөө цогц шингээсэн дэлхийн цөөн хэдхэн цуутай бүсгүйчүүдийн нэг Жаклин Кеннедийн тухай одоо өгүүлэх гэж байна. Эмэгтэй хүн бүрт тохиохгүй тэргүүн хатагтай гэдэг эрхэм нэрийг мэдлэг, мэдрэмж, хээнцэр дэгжин атлаа чамбай байдлаараа чимж чадснаараа энэ бүсгүй Цагаан ордны хамгийн сайн эзэгтэйд зүй ёсоор тооцогдож, үе үеийн тэргүүн хатагтай нарын үлгэр дуурайл болон үлдсэн юм.
Жаклин Ли Боувер Кеннеди Онассис 1929 онд Нью-Йоркт хөрөнгийн биржийн брокероор ажилладаг Жон Верноу Боуверийн гэр бүлд том охин нь болон мэндэлжээ. Жаклин бол удам сайтай айлын охин. Түүний өвөг дээдэс Ирланд, Шотланд, Англи, Францаас гаралтай гэдэг. Нэр нь ч үүнтэй холбоотой. Жак гэдэг нь аавын талаас, Ли гэдэг нь эхийн талаас уламжлан авсан нэр юм. Ингэж хоёр талын нэрийг оруулах болсон нь эцэг эх нь хоёулаа сурвалжит гаралтай учир эд хөрөнгө өвлөн авахад ч хэрэгтэй байж. Баян чинээлэг амьдрал дунд өссөн хэдий ч түүнийг 11 настай байхад эцэг эх нь хоёр тийшээ болсноор Жаклины жаргалтай хүүхэд нас дууссан гэдэг. Түүний ээж Жанет Нортон Ли Боувер “Стандарт ойл” компаний өв залгамжлагчтай гэрлэснээр тэдний амьдрал улам ч баян тансаг болж Жаклин зураг, ном зохиол, дуу хөгжимд дурлаж дээдсийн амьдралын хэв маягаар өсч торнижээ.
Коннектикутад охидын сургууль төгссөний дараа Нью-Йоркийн коллежид элсчээ. Харин тэндээс Францын Гренобл Сорбоннын их сургууль руу шилжиж хоёр жил сураад эргэж АНУ-д ирээд Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэсэн байна.
Жаклин Ли Боувер 1953 онд Кеннеди нэрээр овоглодог болсон юм. Үүнээс хоёр жилийн өмнө тэрээр ирээдүйн Ерөнхийлөгч Жон Кеннедитэй танилцжээ. Тэр үед Ж.Кеннеди сенатад нэр дэвшээд их л завгүй байсан гэдэг. Тэд Вашингтонд нэгэн үдэшлэгийн үеэр анх бие биеэ харжээ. Ингээд 1953 онд 36 настай сенатор Жон Кеннеди 24 настай үзэсгэлэнт бүсгүй Жаклин Боуверийг эхнэрээ болгон авчээ. Гэгээн Мэригийн сүмд ёслосон тэдний хуримын гоё сайхныг одоо хүртэл шагшин ярьдаг билээ. 900 гаруй зочдын өмнө нүд гялбуулам гоёсон Жаклин Кеннедийн хуримын даашинз өдгөө Кеннедийн номын санд үзмэр болон хадгалагдаж буй.
Бал сараа Мексикт өнгөрүүлээд ирсний дараа тэдний амьдрал өнгөн дээрээ гял цял мэт харагдаж байсан ч улстөрчийн гэр бүл байна гэдэг амаргүй даваа болохыг Жаклин ойлгожээ. Удам дамжсан улстөрчийн гэр бүлийн хатуу дарамт шахалт дээр нөхрийнх нь засрашгүй хөнгөмсөг зан түүнийг зовоож байжээ. Жон Кеннеди хөнгөмсөг зангаараа алдартай нэгэн байв. Тэр гэрлэснийхээ дараа ч муу зуршлаасаа салж чадалгүй хорвоог орхисон билээ. Түүний нэр холбогдсон эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтад алдарт Мэрилин Монрогийн нэр тодоос тод зурайж байдаг. М.Монро хамгийн сүүлд олон нийтийн өмнө гарсан тохиолдол нь Ерөнхийлөгч Ж.Кеннедийн төрсөн өдөрт зориулж, 15 мянган зочны өмнө дуулсан үзүүлбэр байсан юм.
1960 онд Жон Кеннеди АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарлав. Нэгдсэн улсын уламжлал ёсоор тэд жил шахам хугацаанд улс орноо бүтэн тойрч кампанит ажлаа хийхэд хатагтай Кеннедийн гүйцэтгэсэн үүрэг хариуцлага маш өндөр байжээ. Үнэндээ тэр үед нөхрөөс нь илүүтэй түүний гарын үсгийг авах гэсэн хүмүүс олон байсан гэдэг. Кампанит ажлын үеэр Жаклин хөл хүнд болж, аялалаа түр зогсоожээ. Гэвч тэр зүгээр суусангүй, рекламд тоглож, нөхрөө дэмжин хэвлэлд ярилцлага өгч, өөрөө нийтлэл бичиж, хэдэн мянган сонгогчийн захидалд хариу илгээж байжээ.
1960 он Кеннедигийн гэр бүлд баярт үйл явдлаар дүүрэн жил байлаа. Ж.Кеннеди Ричард Никсоныг ялимгүй саналаар ялж, АНУ-ын нэгдүгээр хүн болов. Түүнийг сонгуульд ялсанаас хоёр долоо хоногийн дараа тэд хүүтэй боллоо. Ж.Кеннедиг төрийн тэргүүн болж тангараг өргөхөд Жаклин ердөө 31-тэй байв. Ингэж тэрээр АНУ-ын түүхэнд хамгийн залуу тэргүүн хатагтай болсон юм.