Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ сарын 25-нд болсон Монгол Ардын намын бага хурлын талаар мэдээлэл хийлээ.
Д.Амарбаясгалан:”МАН-ын ээлжит IX бага хурал есдүгээр сарын 25-нд 16 цагийн турш хуралдсан. Уг хурлаар МАН-ын даргын илтгэл болон ерөнхийлөгчийн сонгуулийн дүгнэлт, Их хурлын тов зэргийг хэлэлцэж Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг тодрууллаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч өөрийн саналаа тав хоногийн дотор өгч, дараа нь УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх журамтай.Ерөнхий сайдыг албан ёсоор 10 дугаар сарын 07-ны дотор томилно.
У.Хүрэлсүх нэр дэвшигч 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарна. Шударга ёс, хариуцлагыг баримталж ажиллахаа ч илэрхийлсэн байгаа.Өмнө нь байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлсэн. Дан болон давхар дээлтэй сайд гэдэг асуудлыг их ярьж байгаа. Ард түмнийхээ хүсэлд нийцүүлсэн бүтэц томилгоог хийнэ. Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа гурван хүн гурвуулаа он гараад төлөх бондын эргэн төлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ бондыг богино хугацаанд төлөх арга барилыг Сангийн яам боловсруулсан. Үүн дээр нэмээд нарийвчилсан саналыг боловсруулна.
Дэд сайдын асуудлыг намын Удирдах зөвлөл дээр хэлэлцэнэ. Тогтвортой байдлын тухайд МАН-ын УЗ, Бага хурал дээр намын дарга тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар ярьсан байгаа. Тогтвортой байдал нэрийн дор хэн нэгнийг халхавчлах ёсгүй. Офшорын асуудал намын бодлогын асуудал болоод шийдэгдээд явж байгаа. Прокуророос 60 тэрбумын асуудлыг хэрэгсэхгүй болгосон талаар мэдэгдсэн.
11 сард болох намын Их хурал дээр намын даргын асуудал хөндөгдөнө. Намын даргад хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Намын Их хурлаар дүрмээ шинэчилсний дараа Ерөнхий сайд намын дарга байх эсэх нь тодорхой болно” гэлээ.