“Актру”–д анх удаа

Чуйн нурууны Актру хайрхан дахь Монголын уулчдын анх удаагийн

                                 авиралт, сургуулилтын тухай тэмдэглэл, нийтлэл

 Тайгын гүнд цасан малгайлна… Чуйн их нуруу анир даран дүнсийж, архайлдан сүглийх шовх шовх оргилууд, хөгөлгөр ногоон хөвчийн дундах намрын уйтгарт өдрүүд  үргэлжилнэ. Үлгэрлэбээс  энд цагийн цохилох чимээг чих тавин сонсох лугаа ажин түжин оргихыг бие, сэтгэлээр мэдрэн суухуйд

“Уулын гүмд, бөглүү тайгад

Ундрах бодлын мэдэгдэх төдийд

Уйтгартай, дүн чимээгүй

Удаан хүлээсэн зүүдний совинтой ….” хэмээсэн  мөр бадгууд цээжнээ хөврөнө.

Оросуудын ярьж бичдэгчилэн Алтай хэлээрх (түрэг язгуурын үг) “Ак- туру” хэмээх ноён оргилынх нь нэрийг Монголоор одоочлон дуудаж болох хамгийн тохиромжтой үгийг оноох гэж эрсээр би “Цайрах шилтгээн” гэсэн энэ холбоо үгэн дээр тогтсон юм.  Утгачилбал Ак хэмээх нь Алтай буюу түрэг язгуур хэлний цагаан, цайвар гэсэн үг, харин Туру буюу Тру хэмээх нь орон гэр, өргөө, байр байшин гэсэн утгатай дүйх аж.

Анх бүүр 1938 оноос энд уулын авиралтын анхны бааз суурийг бий болгосон гэх, эртний улбаат суурин дээр шинээр байгуулсан (1991 онд) “Актру” уулын авиралт болон адал явдалт (экстрем) спорт, аялал жуулчлалын баазынханы үзэж байгаагаар Чуйн нуруун дахь Актругийн салбар уулсын энэ хэсэг  өдгөө Их Алтайн нуруун дахь уулын авиралт, адал явдалт аялал, спортыг хөгжүүлж буй газруудын төв цэг нь хэмээгдэж буй бололтой.

Хараа барааны алсад нүд алдлан сунах Чуйн уудам хөндий, газрын хэвийг дагалгүй сөрсөөр, тэрхүү хөндийн дундуур умарш мурилзан урсах Чуйн их голоос өмнө зүгт мөнөөх их нуруу, зузаан цасанд булхан дунхайсан сүрлэг оргилууд цайран гялбалзах агаад, гол, хөндийг хөндлөн гатлан, Курайн тал дундуур хэсэгхэн яваад, уулсын хормойгоос  эхлэн энгэр биеийг нь хүртэл үргэлжилэх битүү хөвч, тайгын дундуур шургалан, зүтгэсээр ойн дээд захад дөхөж очиход, дтд 2150 метрийн өндөрт орших дээр үгүүлсэн уулын аялал, жуулчлалын товирхон бааз угтах бөлгөө.

Нийтдээ 16 метр квадрат талбайг эзэлсэн, 50-350 метрийн зузаан тогтоцтой, Их Актру, Бага Актругийн мөсөн голууд, тэрхүү мөсөн голуудаас  эх авч, уулсын энгэр хормойг хэжлэн буугаад Курайн тал дундуур мурилзан урсаж, Чуйн мөрөнд цутгах Актругийн гол, “Гүн цэнхэр” хэмээн нэрийдэх тунгалаг уст, үзэсгэлэнт нуур, Хар чулуу (Кара таш), Улаан чулуу (Кызыл таш)-ийн салбар өндөрлөгууд, тэрчлэн Биш-Ийрдын зангилаа уулсын бүрэлдэхүүн гэж үзэх, Актру оргил, “Купол”, мөн “Хар чулуут”, “Улаан чулуут”, түүнчлэн “Убий”, “Двойная”, “Радиост”, “Маашей”, гэх мэтчлэн салбар оргилууд болоод олон тооны хавцал, нугачаануудаас бүрдсэн энэ сүрлэг хийгээд үзэсгэлэнт нуруу энгэр хормойгоороо бин битүү ой, тайгаар эмжээрлэн хүрээлүүлсэн нь уулсын цээж, оргил хэсэг дэх нарийн нандин бүхнээ шивээлэн хамгаалсан мэт.

Бид энэхүү уулын буудалд (баазад) арван гурвуулаа зочилсон юм. Монголын уулчдын баг Оросын Алтай буюу Алтайн нурууны тус улсын нутаг дэвсгэрт орших өндөр оргилуудад авиралт хийхээр жил дараалан очих болсон нь нэрт уулчин, севен саммитер (дэлхийн долоон тивийн ноён оргилд авиран гарсан уулчинд олгодог цол), Монгол улсын гавъяат тамирчин Б.Гангаамаа болон түүний эрхэлдэг “Ганга-Еверест” сангийн санаачлага зохион байгуулалтын хүрээнд явагдаж буй ажиллагааны үр дүн билээ. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал ОУХ-ний мастер, Уулсын оргил өөд клубын уулчин Өлзий-Оршихын Батманлай, мөн тус клубын уулчин Юрагийн Дашдэлгэр, Мягмарын Пүрэв, спортын мастер Сүхбатын Болор-Эрдэнэ, Уулын оргилд клубын уулчин Нямбаатарын Цэрэнханд, Сутайн бор клубын уулчин Бадарчийн Одмандах, Баттөрийн Пүрэвжав, Дагвын Болормаа, О.Олонбаяр, Эрдэнэтийн уулчин Сэрээтэрийн Баттөр, Улаанбаатар хотын уулчин Намсрайн Сарангэрэл, Ховд аймгийн Хан Алтайн бүргэдүүд клубын уулчин, спортын мастер Гонгоржавын Төрмөнх (Миний бие) мөн дээр дурьдсан багийн ахлагч гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа нар юм.

Үүний бичигчийн хувьд намайг энэхүү экспидицийн бүрэлдэхүүнд багтаж, авиралт, сургуулилт хийхэд дэмжлэг үзүүлсэн Ховд аймгийн Т.Мягмардорж захиралтай “Ногоон Алтай”  компани, дулааны станцын инженер эрхэм дүү Дарамбазар нарт талархал илэрхийлэхийг хүсэв. Мөн бусад уулчдыг маань сэтгэл санаа, бусад зүйлээр дэмжсэн Монгол шуудан ХХК зэрэг байгууллага болон тус тусын уулын клуб, хамт олон, бусад хэн бүхэнд тэдний өмнөөс талархал илэрхийлье.

Актру уулын буудал дээр биднийг тус баазыг үүсгэн байгуулсан (1991 онд) ОХУ-ын гавъяат аврагч (Онцгой байдлын гавъяат ажилтан), нэрт уулчин Валерий Иванович Якубовский тэргүүтэй баг, хамт олон угтав.

Чуйн хөндий дэх Курай суурингаас хүн тээврийн зориулалтаар битүүмжилж тоноглосон ЗИЛ 131 машинд сууж, өдрийн хагасад сажлуулан зүтгүүлсээр уул, тайгын гүн дэх буудаллах газраа ирмэгц, хавцлын ам, голын хэв  дээрх шигүү модтой, шагайгаар татсан цас, овон товон, хотгор гүдгэрийн дунд майхнаа татах амаргүй ажил утгах нь дээ гэж бодтол санаснаас огт өөр юм болсон нь гайхаш төрүүлэв.

Авиралт сургуулилтын үндсэн буудал болох энэ газарт биднийг дүнз модоор барьсан тун ч тохилог, гурван давхар зочид буудал угтаж байсан юм. Тус бүр хоёроос гурван ортой өрөөнүүдэд биднийг байрлуулсан агаад бүгд тог, цахилгаантай, халаалттай, суурин газрын буудлуудаас ер дутахааргүй тав тухыг бүрдүүлсэн нь нэн таатай. Энэ бөглүү тайгын дундах уулын “бяцхан суурин”-д маань бидний байрласан буудлаас гадна уг баазын захиргаа, жуулчдын хооллох ресторан, сууцны байшингууд, халуун усанд орох газар (ванн, саун), уулчдын техникийн сургуулилт болон аврах ажиллагааны сургалтын бааз зэргийг барьж байгуулжээ.

Намрын сэрүү унасан өдий цагт хэдэн хоногоор, өдөр шөнөгүй үргэлжлэн цасан малгайлавч, сууринд суугаасаас өөрцгүй тав тухтай байж болох бүхий л нөхцлийг бүрдүүлсэн тул энд аялагч жуулчид ч тасардаггүй аж. Биднийг очиход энд Хятад, Хонконг, мөн Орос болон Европын зарим орноос нэлээд жуулчид байв.

Жуулчид ууланд авирах, цана, чаргаар гулгах, цаснаа дүүлэгч (сноуборде) зэрэг адал явдалт спортоор хичээллэх, сургалтанд хамрагдах, Чуйн нурууны байгалийн үзэсгэлэнг биеэ сэтгэлээр мэдрэх, зураг авах, бичлэг хийх, тэрчлэн уран бүтээл, эрдэм шинжилгээ  судалгааны зорилготойгоор ийшээ ирцгээдэг байна.

Бидний хувьд хоёр талын  хэлэлцээрийн үндсэн дээр уулын буудлын сургалтын баазад өндөр уулын авиралтын техникийн сургуулилт хийх, мөн Актру уулын ноен оргилд авирах хөтөлбөртэйгээр очсон бөгөөд эхний хоёр өдөр баазаас холгүй орших сургалтын талбайд уулын мөсөн хучлага бүхий хэсэг, түүнчлэн эрс ханан өндөрлөгийг олс, шруп буюу мөсний гадас, жумар, буугч болон бусад хэрэглэл ашиглан туулах, зүтгэж гарах, буугч ашиглан буух, мөсөн гол болон уулын өндөрлөг дэх мөсний ангал хагархайг туулах, ангалд унасан нөхцөлд тэндээс хэрхэн гарах зэрэг чухал техникүүдэд суралцаж, биеэр сургуулилаад гурав дахь өдрөө, авиралтаа эхэлж, өндрийн буудал бааз байгуулах газар руугаа майхан сав, ор дэвсгэр, хоол хүнс сэлтээ бүгдийг үүрч, багаж хэрэглэлээ агсан хөдөлцгөөв.

Техникийн сургуулилтыг гавъяат аврагч, нэрт уулчин Валерий Иванович Якубовский, мөн тэндэхийн уулын хөтөч “Цасны барс” цолтой нэрт уулчин Виктор Платонович нар зааж, Монголын багийн ахлагч Б.Гангаамаа багаа зохион байгуулан удирдаж байлаа.

Тайгын гүн дэх “бяцхан суурин”-д очсоноос хойш гурван хоногийн турш тасралтгүй цас малгайлан орж, үе, үе салхилж байв. Оргилд авирах, мөсөн гол дээр сургуулилт, аялал хийх, тэрчлэн судалгаа хэмжилтийн зорилгоор дээшээ, уул өөд явсан жуулчны бүлгүүдээс (группүүд) байнга л таагүй мэдээ ирж байсан нь авирахаар явсан  уулчдын багууд цаашаа явах нөхцөлгүй болж, ихэвчлэн буцаж, зарим нэг нь буцахаас өөр аргагүй болсноо дуулгаж байсан явдал юм. Эрхбиш энэ уул нурууны дундах үндсэн гол суурин гэсэндээ уулын буудал дээр тохь тух алдахгүй нь сайхан.

Битүү хатуу оргиж, эргэлзэл, тээнэгэлзэл дагуулсан энэ хэдэн хоногийн өнгө төрхийг

Улалзах очис шөнийн түнэрт

Ус мөрний сүүдэр болж одно

Дүрэлзэх амьсгал, будрах цаснаа

Дүрсхийн асахыг харсаар гайхширнам

Намрын сар уулсын зүүдийг

Дотогшоо залгиад санаа алдах шиг

Намайг нэгэн уйтгар эргээд

Хань татах мэт дэргэд зогсозноно…”

 

“…Гурван хоногоор цасан малгайлахад

Гурван мянганы балархай захидал мэт

Балар ширэнгэ, дагшин оргилуудтай

Бахархал, гуниг уянгат дуулалтай….”  гэсэн ая хэмнэлээр цээжнээ зураглав.

Гэвч уулын буудлын гол удирдагч нь болох Валерий Ивановичийн тун тайван хийгээд итгэл төгс давтан хэлж байсан ёсоор, очсоноос хойших дөрөв дэх өдрийн өглөө цас учиргүй малгайлах нь намдаж, нар цоорч ирсэн бөгөөд, маргааш нь цас зогсож, нар гарна гэсэн урьдчилсан баттай мэдээлэл байсан тул бид ч замдаа гарав.

Актру уулын баазынхан бидний авиралтанд үнэн голоосоо санаа тавьж, авиралтын туршид 4 хоног хэрэглэх хүнс, хоолоор хангаснаас гадна, дутуу, хөтүү зэмсэг хэрэглэлийг маань бүртгэж, өөрийн нөөц сангаасаа авиралт дуустал хэрэглүүлэхээр тавьж олгосон юм.

Биднийг замчлан хөтлөх уулын хөтчөөр Валерий Иванович, Виктор Платонович, мөн залуу, чадварлаг уулчин Максим Георгович нар явав. Бүхий л ачаа тээшээ үүрсэн манай баг Тайгын дундуур урсах Актругийн голыг модон гүүрээр гатлан, хэсэг яваад ойгоос гарч, голын хэв дагасан чулуурхаг салаа, улмаар Хар чулуут (Кара таш), Улаан чулуутын (Кызыл таш) өндөрлөг хоорондуур үргэлжлэх зузаан цасанд хучигдсан хөндий өгсөв. Уулын хөтөч маань энэ хөндийг Гүн цэнхэр (Голубое синие озера) нуурын хөндий хэмээн тайлбарлав. Өглөө 10 цагт гарсан бид барагцаагаар 5 орчим км зүтгээд, наран шингэхийн өмнөхөн, нэгэн огцом өндөрлөг дээр гарч ирж “өндрийн буудал”-аа байгуулсан нь өнөөх “Гүн цэнхэр нуур”-ын хөвөөн дэх хурдас чулуулгийн төгсгөл аж.

Далайн түвшнээс дээш 3150 метрийн өндөрлөгт орших энэ газарт байгаль цаг уурын шинж байдал, хувиралт өөрчлөлтийг ажиглах ажиглалтын байр болгох зорилгоор 40 жилийн өмнө барьсан гэх гөлмөн төмрөөр гадарласан модон байшин байх ба хаалган дээр нь “ажиглалтын байр” (жижина гляциалогов) хэмээн хаяг бичжээ. Гэтэл үүнийг манай гол хөтөч маань болох Валерий Иванович гавъяат маань өөрийн гараар барьсан болохыг сая мэдэв. Ер нь Валерий Ивановичийн хувьд энэ уул, тайгад бараг бүх амьдралаа зориулсан бололтой. Виктор Платоновичийн хувьд ч бас ялгаагүй олон жил энэ газартай амьдралаа холбожээ.

Авиралтын замд Виктор Платоновичаас нэгэн сонирхолтой мэдээ сонссон нь сайх уулчин 1990 оны үед  Киргизийн нутагт орших тэнгэр уулын ноёлох оргил болох “Хан тэнгэр” оргилд Монголын эмэгтэй уулчин Б.Ичинноров, уулчин Чадраабал нартай хамтран авирсан түүхтэй аж. “Монголын тэр эмэгтэй уулчин маш сайн авирч байсан, надад онцгой сэтгэгдэл үлдээсэн шүү” хэмээн ярьсан юм. Авиралтаас буусны дараа Виктор Платонович Б.Ичинноров гуайд болон хамт авирсан Монгол уулчид нь хэрвээ амьд  сэрүүн аваас мэнд дамжуулахыг чухалчилан хүссэн билээ.

Нар шингэмэгц хүйтэрч, шөнөдөө лавтай хасах 20 орчим хэмийн хүйтэн хонов. Маргааш нь тэнгэрт бөртийх ч үүлгүй цэлмэж, Өмнө талд огторгуйн талыг халхлан хөндөлсөх Хар чулуутын (Кара таш) хутганы ир шиг хянга ирмэг дээгүүр өглөөний наран мэлтэгнэн мандлаа. Наран мандмагц бид дахин замдаа гарсан бөгөөд энэ өдөр мөсөн голын зах барьж тогтсон хурдас чулуулгын ирмэг дээгүүр өгссөөр, цааш их Актругийн (Большой Актру) мөсөн голыг хөндлөн гаталж, оргил руу өгсөх, шийдвэрлэх замын төгсгөл хэсэг хүртэл 80 см-ээс метр илүү зузаан цасыг хагалж, мөр гарган давтах ёстой байв.

Тийн цас хагалж авирсаар товлосон газарт хүрч, дахин өндрийн буудалд буцаж ирэхэд зузаан цас яггүй төвөг учруулж, тамир сорьж байснаас гадна хэд хэдэн томоохон ангалуудыг сүлжиж, заримыг гатлаж туулах зэргээр чамлалтгүй хүнд замтай болохыг мэдрэв.

Энэ өдөр нарлаг дулаахан өдөр болсон атал унтаад сэрэхэд тэнгэр бүрхэж, цас бударч эхэлжээ. Оргилд гарах, шийдвэрлэх авиралт хийхээр өглөө 4 цаг өнгөрөөгөөд босоцгоосон бид, цай, ундаа хийж ууж, юм хумаа бэлдээд 6 цагт замд гарав.

“…Цав цайсан, цав цайсан

Цасан амьсгал, цасан амьсгал

Цахиртагч жихүүн салхинаа

Исгэрэн наадна, исгэрэн наадна

 

Уулс ороох хэжлүүр зөрөг нь

Туульсийн өрнөл шиг мурилзан зурайна

Гүнзгий цаснаа булхан шунгаад

Гүвээ, толгод мэт ангал хэдрэнэ…”

Урьд өдрийн гаргасан замаар харьцангуй хялбар урагшлана гэж тооцож байсан боловч, шөнө цасаар шуурч, хагалж, давтсан мөрийг маань булж орхижээ. Тиймээс яг тэр мөрнийхөө ормыг даган, дахиж цас хагалж зүтгэх хэрэг гарав. Цасны зузаан дунджаар 80 см, зарим газраа метр хол илүү учир шаггүй тамир сорьсон авиралт болж байв.

Анхлан хөтөч Максим Георгович, Валерий Иванович нарын хөтөлсөн эхний олсны уулчид  зам хагалж, улмаар оргил руу нэлээн дөтөлж ирэх үед манай ОУХМ Ө.Батманлай нарын хөтөлсөн хоёр дахь олсны уулчид халааг нь авах замаар ээлжилсээр. Тэнгэр улам л бударч, манан бүрхэн, өглөө эрт будран хаялж байсан цас өдөр тийшээгээ том томоор малгайлан орж, тэгснээ нэг үе зогсознон,  битүү мананы цаанаас нарны гэгээ туярах мэт болсноо дахин далдран харанхуйлна. Үе үе салхи ширүүснэ. Агаар, тэнгэр ийн болзолгүй, хуйсагнуур загнаж байгаа нөхцөлд аль болох цаг хожиж, шуурхай явахаас аргагүй тул бид түр зогсож амрах чөлөөгүйгээр тасралтгүй зүтгүүлсээр тэндхийн цагаар өдрийн 14 цаг 20 минутанд оргил дээр гарсан юм.

Морен буюу хурдас чулуулгийн овоолго дээгүүр урагшилж, олон тооны ангал, заадас, хагархай бүхий, өндрөөс уруугаа хүрхрээ мэт унаж тогтсон Их Актругийн мөсөн голыг дагууд нь сүлжин гаталсаар, уруудаж өгсөж, улмаар өндөрлөгийн эгцэрхэг ар өөд магад 500 орчим метр зүтгүүлж, дахин шийдвэрлэх оргил өөд өгссөөр байж сая хүрсэн ноёлог оргил маань эгээ л хурц мэсний үзүүрийг дээш нь шовойлгон босгосон лугаа шовх агаад нэн сүрлэг ажээ.

Тэнгэр цэлмэг, харагдах орчин сайн байсан бол орчныг гайгүй сайн тольдож болох байсан ч цаг агаарын байдал тийм боломж олгосонгүй, нүүгэлтсэн битүү манан үргэлжилэн нөмөрч, цас шамрагласаар байсан болохоор бид яаравчлан зураг хөргөө татуулж, оргилд хүндэтгэл үзүүлээд буцаж буув. Буух замд ч тэнгэр онгойсонгүй тул мөн л амсхийх чөлөөгүй шахам урагшилсаар оройн наран уулын цаагуур орсны дараа 19 цаг болж байхад мөсөн голын зах дээрх өндрийн буудал дээрээ ирсэн юм.

Актру уулын ноён оргил дтд 4075 метрийн өндөртэй бөгөөд, авиралтын замуудыг 1А-аас 5Б хүртэл 10 төрөл болгон ангилна. Мөсөн голын Б хэсгээс зүүн өмнөт нурууг даган оргилд хүрэх замыг 2А категори, харин зүүн нурууг даган оргилд хүрэх замыг 3А категори, зүүн ханаар шууд авирах замыг 4А категори гэх мэтээр. Бидний хувьд 3А категорийн замыг сонгон авирсан юм.

Өндрийн буудал байгуулж хоносон Гүн нуурын дэргэдэх дундаж тэгш өндөрлөг (дтд 3150 метр)  хэсгийг Ногоон буудал (Зеленой Гостиницей) гэж нэрлэх нь ч бий. Тэндээс эхлэн бидний туулсан бага Актру, Их Актругийн мөсөн голуудыг Радиостын нуруугаар дагууд нь зааглан хувааж хоёр хэсэг болгожээ. Их Актругийн мөсөн голын талбайн хэмжээ 11 шоо дөрвөлжин метр, урт нь 8 км орчим бол Бага Актру, Купол, Троновы штаны (Ширээт буюу Сэнтийт өндөрлөг) гэсэн мөсөн голуудын талбай нийлээд дунджаар 7 шоо дөрвөлжин метртэй тэнцэхүйц хэмжээг эзлэнэ.  Ийнхүү мөсөн голын  нийт талбай нь дагуудаа Баруун Актру, Зүүн Актру гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Мөсөн голын өндөрлөг хэсэгт буюу дтд 2455 метрээс дээшээгээ оргил хүртэлх талбарт Уралын их сургуулийн ажиглалт судалгааны цэгүүд, мөн Актру уул, Чуйн нуруун дахь талбаруудад Томскийн их сургуулийн судалгаа, туршилтын газрууд бий. Хэдэн жилийн өмнө Орос, Япон, Америкийн судлаачдын хамтарсан экспидиц энэ уулан дахь Хар чулуутын өндөрлөгийн хэсэг, Ширээтийн (Троновы) мөсөн голын орчимыг сонгон судалсан бөгөөд мөсний зузаан нь 170 метр, мөсөн голын насжилт 700-800 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хаа сайгүй тохиолдож буй байгалийн өөрчлөлт эндхийн газар нутгийг ч тойрсонгүй. Судлаачдын дүгнэлтээр өнөөгийн байдлаар баруун Актругийн мөсөн талбайн хэмжээ жил тутам 6.5 метр, Зүүн Актургийнх нь жил тутам 10 метрээр багасаж байгаа гэсэн мэдээлэл байдаг аж. Актругийн оргилтой зэргэлдээх мөсөн голын дээд хэсэг нь баруун өмнө тал руугаа түрж овойх маягаар Актругийн давааг бий болгох ба энэ даваа нь нь Маашейгийн даваа болон Маашейгийн мөсөн голтой хаяа залгана.

Оргилоос бууж ирж өндрийн буудалдаа хоносны маргааш өглөө нь мөн л цас манан дундуур үндсэн буудал руугаа буцсан ба бүхий л, майхан сав, ачаа бараагаа үүрэн цас туучсаар 3 цаг гаруй явж, үндсэн бааздаа ирэв. Өгсөхдөө 5 цаг гаруй явж очсон бол уруудахад харьцангуй богино хугацаа зарцуулжээ.

Уулын буудлын дарга, авиралтын тэргүүлэх хөтөч Валерий Иванович маань санаа тавьж, сайхан сэтгэл гаргасны ачаар үндсэн буудал дээр ёстой л “хар хулгана” болж ирсэн биднийг цэв хүйтэн шар айраг хүлээж байв. Ийнхүү амттайхан шар айраг залгилж, амсхийсний дараа залгаад бас алжаалаа бүрмөсөн үргээх халуун ус, (ванн), уурын пийшэн (саун) хүлээж байсан ба ингэж бүхий л алжаалаа тайлаад үдэлтийн арга хэмжээгээ эхэлцгээв.

Хэдэн өдрийн турш адармаатай, хүнд, хүч эрчим, шандас шөрмөс сорьсон урт замыг туулсаны дараа халуун яриа өрнүүлэн, өнгөрсөн бүхнийг дурсаж, сэтгэлээ цалгиртал хөгжилдөх мөн ч сайхан. Валерий Иванович маань гитартай сайхан дуулна. Өнгөрсөн жилийн найман сард Монгол, Оросын уулчдын баг Алтайн нурууны ноён оргил Белуха хайрханд авирсан 25 хоногийн экспидицийг мөн л Валерий Иванович зохион байгуулан удирдаж, авиралт дууссаны дараа Аккем нуурын хөвөөн дэх үндсэн бааз дээр уулчдын тухай сайхан дуу дуулж, экспидицийнхнийг уяраасныг Монгол нөхөд нь мартсангүй.

Тэр тухай дурсахад Иванович маань “зорилгоо биелүүлж ирээд л дуулцгаана даа. Ноднингийн тэр үдэш мөн ч сайхан үдэш байлаа” хэмээн бодлогоширч суусан. Тэгээд ёстой нөгөөх “болдог юм болдогоороо” гэдэг шиг Валерий Иванович гуайнхаа дууг ханатлаа сонсож, өөрсдөө ч шавиагаа ханатал дуулцгаасан юм. Манай багийн ОХУМ нэрт уулчин Ө.Батманлай маань гитар сайхан тоглоно. Валерий Иванович, Батманлай гэхчлэн гитар хөгжмөө ээлжүүлж, Орос, Монгол дууны уянгат сайхан аялгуугаар Чуйн хөндийг уярааж, шөнө дөл болтол уянгалцгаасан.

Өглөө эрт сэрмэгц уулын буудал дээр биднийг Курай тосгонд хүргэх тоноглосон ЗИЛ-131 машин, жолоочтойгоо хүлээж байв. Тэнгэр бүрхэг хэвээр, том том ширхэгтэй цасан моддын мөчир, байшингийн дээвэр, газрын хөрсийг нэвсийтэл зузаалан хучсаар л …

Үүр дөнгөж хаяарч байсан хэдий ч уулын буудлынхан маань биднийг үдэхээр бүгд босоцгоожээ. Тэрээр өглөөний цайгаараа дайлж, гадаа цасан манан дунд зургаа татуулцгаагаад, үлдэгсэд маань машины хойноос гар даллаж хоцорцгоов. Машинд суугаад арагшаа эргэж харахад яагаад ч юм хоргодох сэтгэл төрнө.

Тайгын гүнд цасан малгайлна… Чуйн их нуруу анир даран дүнсийж, архайлдан сүглийх шовх шовх оргилууд, хөгөлгөр ногоон хөвчийн цаагуур цоройж, цолгорч харагдана.

Авиралтын туршид цээжнээ тэрэлсэн бадаг шадуудын үргэлжлэл

“…Оргилоод нь хүрэх

Хэдэр сунгаа жимээр нь

Орчлонгийн тавилыг

Эвэртээн санаж л явлаа л хоё…”

 

“…Күмнэй, эврээн ялгалгүй

Ганцхан заяах дэлхий лоо

Кийтэн көк салхинаа тань

Далд шимээр тэжээгдэнэ

 

Көндэй цуураа эгшиг шиг

Көкөрч манарах Алтай лаа

Көвчин их уулаад тань

Көдэрч суугаад дуулнаа л гэв

 

Чандага цагаан оргилоод тань

Бохирч, сөхөрч гарлаавад

Чанад алсад сүмбэртэх

Аглаг мөнхийн шилтгээн байв” гэсээр санаанд давтагдана. Тайгын гүнд цасан малгайлна… Чуйн их нуруу анир даран дүнсийнэ.

2017 оны 9 сарын 25-аас 10 сарын 03

 Чуйн нуруу – Актру хайрхан – Ховд хот

            Хиргис Г.Төрмөнх

 

 

 

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …