Налайх дүүрэгт дүүргийн Засаг даргын Захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд болон хороодын ажилтан албан хаагчид гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтанд бэлдэж байна.
Иж бүрэн сургуулилтын нээлтийн үйл ажиллагаа 10 сарын 25-ны 09 цагт Налайх дүүргийн Бөмбөрцөгтэй хөшөөний хажууд талын наадмын талбайд болох юм.
Тиймээс сургуулилтийн бэлтгэл, бэлэн байдалтай дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой зомиссын дарга Ч.Раднаабазар танилцлаа.
Налайх дүүргийн гамшгийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар мэдлэг, дадлага олгох зорилгоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Үер ус, гал түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд хэлж ирдэггүй хийсч ирдэг. Тиймээс гамшиг тохиолдсон үед ямар арга хэмжээ авах талаар мэдэгдэхүүн, ойлголттой байх зорилгоор нийслэлийн хэмжээнд Налайх дүүрэгт хийгдэж байгаа томоохон ажил юм.
10 сарын 25-ны өдөр зарлан мэдээлэх дохиогоор цуглах, албад, мэргэжлийн ангиудын аранз, техник хэрэгслийн бэлэн байдлын үзлэг, команд штабын сургалтууд явагдах бол 10 сарын 26-ны өдөр нүүлгэн шилжүүлэлт явуулах үзүүлэх сургууль, уул уурхайн нурангаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах үзүүлэх сургууль, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх үзүүлэх сургууль, ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургууль, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, хойшлуулашгүй сэргээн босгох үеийн үзүүлэх сургуулиуд зохион байгуулагдах юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.