Фаужа Син 1911 оны 4 сарын 1-нд Энэтхэгийн Пунжабт төржээ. Тэрээр өдгөө 106 настай марафон гүйлтийн тамирчин. Тэрээр анхнаасаа тамирчин байгаагүй ба эхнэр нь өөд болоход Англид хүү дээрээ ирсэн цагаас хойш илүү их идэвхтэйгээр гүйж эхэлсэн юм.
Фаужа өвөө одоо Английн иргэн болсон ба ахмадын гүйлтэд орсноосоо хойш хэд хэдэн дэлхийн рекордын эзэн болоод байгаа. Мөн 2004 онд “Adidas” түүнийг зар сурталчилгаандаа тоглуулсан.
Английн ахмадын гүйлтийн 200м, 400м, 800м, 3000м-ийн рекордыг тогтоосон. 2003 оны Лондонгийн марафонд барианд 6 цаг 2 минутад орж түрүүлсэн бол мөн онд Торонтогийн “Waterfront” марафон гүйлтэд 90-ээс дээш насны ангилалд барианд 5 цаг 40 минутад орж ялсан.
Тэрээр мөн 5,000 метрт гүйдэг. Түүнээс хэрхэн урт наслах талаар асуухад “Сэтгэл зовнилгүй, тайван бай. Байгаа зүйлдээ таларх. Сөрөг хүмүүсээс хөл байж, инээмсэглэн, урагшилсаар бай.” гэсийм.