УИХ-ын дэд дарга С.Баярцогт сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар хуримтлуулсан байж болох 1 сая долларыг Швейцарийн банкинд хадгалуулж байсан нь хэдхэн хоногийн өмнө илэрч нийгэм даяар шуугиан тарьсан. Тэрээр хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ энэ тухайгаа мэдүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч, ямар нэгэн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа хэлж, юуны өмнө УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээрээ татгалзаж байгаагаа хэвлэл мэдээлийнхэнд дуулгаж байсан.
Тэгвэл яг түүнийхтэй адилхан “хэрэг” Франц улсад тохиолджээ. Францын Төсвийн сайд хөрөнгө орлогийн мэдүүлэгтэй тусгаагүй, Швейцарын банкинд хадгалуулсан 700 мянган ам доллар нь олон нийтэд ил болжээ. Үүнтэй холбогдуулан Францын Төсвийн сайд өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа огцрох өргөдлөө өгсөн байна. Мөн Ерөнхий сайд нь ард түмнээсээ уучлалт гуйжээ.
Манай улс төрчид гадаадынхныг “дуурайхдаа” их сайн. Юм л бол Америкт, Германд, Францид ийм байдаг, тийм байдаг гэж ярих дуртай хүмүүс. Тэгээд ч С.Баярцогт гишүүн баруунд боловсрол эзэмшсэн хүн. Гэтэл С.Баярцогт энэ удаа гадныханыг дуурайсангүй. АН-ын журмын нөхөд нь С.Баярцогтыг бүх талаар хамгаалан, түүнийг УИХ-ын гишүүн хэвээр үлдээхээр болсон. Нэр бүхий гишүүд түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ёстой гэсэн агуулгатай албан бичиг УИХ-ын даргад өргөн барьсан ч асуудал тэгсхийгээд мартагдах тийшээ хандлаа.
С.Баярцогт өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэж хэлсэн боловч, зөвхөн УИХ-ын дэд даргынхаа суудлыг өгөөд асуудал намжлаа. Тэрээр хэлсэн үгэндээ хүрч, Францын төсвийн сайдын нэгэн адил өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзах зориг гаргаж чадахгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой боллоо. Хэрэв тэрээр ингэж чадвал Монгол төрд улс төрч хүн өөрийн хийсэн үйлдийнхээ алдааг ухамсарлан, хариуцлага хүлээж чаддаг шинэ “жишиг” тогтоох байсан ч чадсангүй.
С.Баярцогт гэдэг хүн АН-ын хамгаалалтан дор, зөвхөн УИХ-ын дэд даргын суудлаасаа бууж, гишүүн хэвээр үлдэх дүр зураг харагдаж байна. Тэрээр монгол төрийг, ард түмнийг, АТГ-ыг хуурсан ч, ямар ч хариуцлага хүлээхгүй УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр хамгаалуулаад үлдэх нь тодорхой байна.
С.Баярцогт өмнөх Засгийн газрын үед сангийн сайдаар ажиллаж байсан, тухайн цаг үед “Оюу толгой”-н гэрээ байгуулагдсан. Энэ бүхэн түүнийг их хэмжээний авлигийн хэрэгт холбогдолтой байж болзошгүй гэсэн таамаглалыг олон нийтэд төрүүлж байна. Зүй нь бол түүнийг мэдүүлэгээ хуурамчаар гаргаж өгснийх нь төлөө, их хэмжээний мөнгө хувийн дансандаа хуримтлуулсаных нь төлөө АТГ шалгах ёстой. Хэрэв АТГ С.Баярцогтыг шалгалгүйгээр өнгөрөөх юм бол иргэдийн дунд яригдагчлан АТГ нь “АН-ын захиалга, зарим нэгэн эзний зараалаар хөдлөдөг” гэсэн хардлага батлагдахад хүрэх болно.
С.Баярцогт баяртай байна, яг одоогоор тэрээр Монгол улсын УИХ-ын гишүүн хэвээрээ, дансандаа сая доллартай, АТГ болон хууль хяналтын байгууллагад шалгагдаагүй байна. Хэрэв энэ хэвээр байдал үргэлжилвэл, Монголын ард түмэн Ардчилсан намаар удирдуулж, Ардчилсан ерөнхийлөгчөөр тэргүүлүүлсэн атлаа дээдэст хууль үйлчилдэггүйг ойлгож, АТГ төрийн төлөө биш, албан тушаалтнуудын төлөө ажилладаг нь илэрхий болж, иргэдийн итгэл алдрах ч, гагцхүү С.Баярцогт “хөөр баяртайгаар” баярлан үлдэх болоод байна.
А.Тамир