Балбад иргэний дайн дууссанаас хойших анхны сонгууль болжээ

Хятад, Энэтхэг хоёр гүрэнтэй хил залгаа Балба улсад иргэний дайн дуусч, хаант засгийг халснаас хойш 11 жилийн дараа анхны сонгууль болжээ. Иргэд 275 парламентын гишүүнээ сонгох гэж Гималайн уулсын алслагдсан тосгодоос cонгуулийн байранд олон цагийн турш цастай замаар алхаж ирсэн байна. 29 сая гаруй хүн амтай Балбын сонгуулийн насны нийт хүний 65 гаруй хувь нь саналаа өгсөн.

Сонгууль хоёр шаттай явж байгаа агаад удаах сонгууль ирэх сарын 7-нд болох аж. Сонгуулийн хорооноос “Бид сонгуулийн эхний шатыг 32 тойрогт амжилттай дуусгалаа” гэж мэдээлжээ. Гурван сонгуулийн байранд сонгуулийн хайрцаг руу хүчил цацсан, тэсрэх төхөөрөмж олдсон явдлыг эс тооцвол бараг асуудалгүй дуусчээ. Одоо хоёр дахь шатны сонгуулийг үлдсэн 45 тойрогт явуулах бэлтгэл ажил эхэлсэн.

Балба улсад сүүлийн 11 жилд 10 ерөнхий сайд солигдсон. Есөн сар тутам засгийн газар солигдож байснаас улсын хөгжил тогтворгүй болоод байсан. Уг сонгуулийн үр дүнд олон өөрчлөлт гарна хэмээн ард иргэд найдаж байгаа аж. Ялангуяа зам, цэвэр ус, цахилгаан, эрүүл мэнд болон ажил хөдөлмөрийн асуудалд ахиц гарна гэж найдацгааж байна. Хятад болон Энэтхэгийн нөлөө ихтэй Балба улсын ард иргэд шинэ парламентдаа ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …