Улс орны хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар буурсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхээр болсон. Гэтэл энэ хуулийг батлахаас өмнө хэд хэдэн анхаарууштай зарчмын асуудлууд байна.
Ганцхан жишээ дурьдахад: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13.1-д: Хөрөнгө оруулагчаас Монгол улсад хэрэгжүүлэх төсөл нь дор дурьдсан шалгуурыг хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгоно гэжээ.
Эндээс харахад тогтворжуулах гэрчилгээ хүэсэгч хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгийн хэмжээ 15 тэрбум төгрөгөөс дээш байхаас гадна байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн байх шалгуурыг давах ёстой.
Гэтэл шинэ технологи нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй байх гэх мэт шалгуурыг хэн хэрхэн тогтоох вэ, эл хуулиар бол энэ бүхнийг Эдийн засгийн хөгжлийн сайд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, шинэ технолоиги нэвтрүүлэх танилцуулгыг үндэслэн тогтворжуулах гэрчилгээг олгохоор хуульчилжээ. Харамсалтай нь сайд дангаараа мэдэж хөрөнгө оруулагч нарт тогтворжуулалтын гэрчилгээг ийнхүү олгохоор болж байгаа нь авлигыг жинхэнэ утгаар нь цэцэглүүлэх үндэс болно.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ганцхан жишээг тайлбарлахад л ийм байна.
Ц.Мөнх