Улс төрийн тогтвортой байдал бол Монгол улсын хөгжлийн үндсэн нөхцөл. Улс төр үндсэндээ тогтворжих, 2020 он хүртэл УИХ нь урдах ажлаа Засгийн газар нь өмнөх зүйлээ хийх боломж нөхцөл бүрдлээ. МАН 28-р их хурлаа хийж шинээр сонгогдсон дарга У.Хүрэлсүх намын бүлэг дэх 32, 33 гэдэг яриа энэ цаг мөчөөс эхлэн үгүй боллоо гэж хэлсэн. Намын даргын хувиар ингэж хэлсэн нь хэрэгжих бүрэн магадлалтай юм. МАН одоо зангидсан гар шиг нэг цул болж байна. Яагаад гэвэл У.Хүрэлсүх ерөнхий сайд, намын дарга гэсэн давхар албан тушаалтай болсон нь түүний хүч чадлыг улам нэмэгдүүлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Электронууд цөмийг тойрон зөвхөн нэг орбитоор тогтвортой эргэлддэг нь физикийн хууль. Физикийн хууль бол байгалийн хууль юм. Яг үүн шиг МАН-д У.Хүрэлсүх гэсэн цөм бий боллоо. Эдийн засаг ч ирэх онуудад сайжрах дүр зураг тодорч эхэллээ.
Харин энэ нь сөрөг хүчин болсон АН-д таалагдахгүй байна. Мэдээж тэд 2020 онд ялахыг хүсэж байгаа. Энэ зорилго биелэгдэх үндсэн суурь нөхцөл нь МАН хуваагдах ёстой, эдийн засаг муудах ёстой байв. УИХ дахь бүлэг нь хуваагдаж хэрүүл тэмцэлдээ туйлдан ард түмний дунд нэр хүнд нь унах ёстой байлаа. Гэтэл МАН-ын их хурлын дараагаас байдал биш болж эхэлсэн. Тиймээс одоо МАН руу хэрүүлийн алим шидэх хэрэгтэй. Тэр нь олон нийтийн дургүйцлийг хүргэдэг танил сэдэв болох оффшор. Огт цензургүй нэвтрүүлгийн ээлжит дугаар зурагтаар гарлаа. Цаад зорилго нь тодорхой. Сү.Батболд болон МАН ын хэд хэдэн хүн оффшорчин болохыг “нотлоод” дараа нь МАН-ын шударга оффшоргүй нэг хэсэг нь АН-тай нийлэн Сү.Батболд болон түүний нөхдийг буруутган пүү паа болох, улмаар МАН хагарах.
Аливаа асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад элдэв үзэл суртлын нэвтрүүлгээр балбаж байгаад нийгэмд итгүүлж орхидог өнөөх танил технологи нэвт шувт үнэртлээ. С1 телевизээр ямарваа нэг асуудал хөндсөн “ямар ч цензургүй” нэвтрүүлэг гараад эхлэхээр ард нь улс төрийн нэг нүүдэл нуугдаж байдаг нь хэн хүнд танил болсон зүйл л дээ.
Гэвч МАН-ынхан одоо бүгд нэг завин дээр суусан гэдгээ мэдэхтэйгээ. Гаднаас шидсэн ямар чулуу, ямар зорилготой гэдгийг харж байгаа. Иргэд ч юманд амархан хууртахаа больж хэрсүүжсэн байна. Чин шударга царай гарган чанга дуугарч байгаа гишүүний ард хэн ямар төлөвлөгөөтэй байгааг амархан мэдчихдэг болсон. Уг нь жирийн ард иргэд бол дээдсүүдийг улс төржихийг биш улсаа хөгжүүлж ажил хийхийг л шаардаад байгаа юм.