Хойд Солонгос өнөөдөр үүрээр Пёнандо мужийн Пёнсон гэх газраас алсын тусгалт баллистик пуужин харвасан нь дэлхий нийтэд заналхийлэл учруулсан үйлдэл боллоо. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Хойд Солонгос маш өндөр түвшний, тив хоорондын баллистик пуужин харвасан” гэж мэдээлжээ.
Пентагоны мэдээлснээр тив хоорондын баллистик пуужин Япон тэнгист унахаасаа өмнө 1000 шахам км зам туулсан аж. Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга болон бусад албаны хүмүүстэй шуурхай хурал хийсэн.
Японы ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг хуралдуулахыг уриалсан байна. Хойд Солонгос энэ онд хэд хэдэн пуужингийн туршилт хийсэн. Эдгээрийн зарим нь хөөргөснөөс төд удалгүй дэлбэрсэн бол зарим нь хэдэн 100 милийн зайд хөөрч далайд унасан юм.
Хойд Солонгосын энэ жил хөөргөсөн пуужин:
2 сарын 12 – Дундаж зайн тусгалт баллистик пуужин хөөргөсөн нь 500км орчим зайд хөөрч Японы тэнгисийн ойролцоо унасан.
4 сарын 4 – Японы тэнгисийн чиглэлд дундаж зайн тусгалт баллистик пуужин хөөргөх туршилт хийсэн ба Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд үүнийг 60км орчим хөөрсөн хэмээн мэдээлсэн.
7 сарын 4 – Тив хоорондын баллистик пуужин хөөргөснийг албаныхан далайн түвшнээс 2,802км дээш хөөрсөн гэж мэдээлсэн.
8 сарын 29 – Пёнъяны орчмоос Японы зүг рүү баллистик пуужин хөөргөсөн. Уг пуужин 550км зайд хөөрсөн байна.
9 сарын 15 – Баллистик пуужин Японы Хоккайдо арлын ойролцоо хэсэгт далайд унасан. Уг пуужин 3,700 км хөөрсөн.