Өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдөр. Эл өдрийг ДАЖБ-ын Ерөнхий ассамблейн III чуулганаар хэлэлцэж олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлах зорилгоор тэмдэглэх болжээ. Дэлхий даяар 1979 оноос тэмдэглэж ирсэн энэхүү өдрийг манай улс 7 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Ус ба аялал жуулчлал -Ирээдүйгээ хамгаалцгаая” уриан дор явуулж байна. Өнөөдөр аялал жуулчлалын өдрийг тэмдэглэж салбарын оюутан залуусыг хамруулсан “Гранд тур” улсын олимпиад, аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн, “Дотоодын аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал, танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээнүүдийг зохион байгуулах гэж байна. Энэ жил Аялал жуулчлалын салбарынхан маань энэхүү өдрийг өргөн хүрээнд тэмдэглэх гэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд хоёрхон жилийн дараа буюу 2015 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоо нэг саяд хүрнэ гэсэн тооцоо гарсан юм.