Өнгөрөгч лхагва гаригт Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн ба АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэр даруй Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин нартай утсаар ярьж энэ асуудлыг авч хэлэлцсэн.
Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужин харвасны хариуд НҮБ-д суугаа Элчин сайд Никки Хэйли “Хэрэв Солонгосын хойгт дайн дэгдвэл АНУ Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлнэ” хэмээн мэдэгдэж, Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай хуралдуулахыг уриалсан юм.
ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров Никки Хэйлигийн гаргасан мэдэгдлийг хурц шүүмжилсэн. Никки Хэйлигийн мэдэгдлийг “Цус үзэх гэсэн хүний үг” гэж тодорхойлсон туршлагатай дипломатч Сергей Лавров хэлэхдээ “Ингэж галаар наадах тухай ярьвал алдаа л болно” хэмээсэн.
Цэргийн нисэх хүчний хамтарсан сургуулилт хийх зорилгоор АНУ-ын тийрэлтэт сөнөөгч онгоцнууд БНСУ-д газардсан. АНУ-ын F-22 загварын сөнөөгч зургаан онгоц Хойд Солонгосын цөмийн туршилтын баазууд болон пуужин хөөргөх тавцанг хараандаа аваад байгаа.
АНУ эдгээр зургаан байлдааны сөнөөгч онгоцноос гадна F-35A, F-35B, F-16C сөнөөгч онгоц, тодорхой тооны B-1B бөмбөгдөгч онгоцнуудыг Солонгосын хойг руу илгээх төлөвлөгөөтэй байна. БНСУ-ын батлан хамгаалах яамны агаарын нисэх хүчин F-15K, KF-16 болон F-5 сөнөөгч онгоцнуудаа болзошгүй тохиолдолд бэлэн байхыг үүрэг болгожээ.