Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо. Өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Тус сургууль өнөөдрийн байдлаар 4000 хүүхэд, 200 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тэгвэл 640 хүүхдийн хичээлийн шинэ байртай болсноор 4 жилийн турш гурван ээлжээр хичээллэж байсан тус сургууль 2 ээлжээр хичээллэх боломжтой боллоо.
Өргөтгөлийн барилгыг Улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ‘’Урагшлах’’ ХХК барьсан бөгөөд 11 сарын хугацаанд барилгын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Нээлтийн үеэр тус сургуулийн захирал С.Март уг барилгыг түргэн шуурхай ашиглалтад ороход гүн туслалцаа үзүүлсэн дүүргийн удирдлагууд , барилгын компанийн хамт олон болон багш ажилчдадаа баярлаж талархсанаа илэрхийлж байлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.