Нисэхийн цагаан хаалгыг Айдсын даваа орчимд нүүлгэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөх, нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах, НИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа. Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Цагаан хаалгыг анх 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол улсад  хийх айлчлалыг тохиолдуулан барьжээ. Тус хаалганд хоёр улсын сүлд байдаг нь энэхүү үйл явдлыг илтгэдэг. Тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байсан ч он цаг өнгөрсөөр “Цагаан хаалга” хэмээн нэрлэх болжээ. Нисэхийн цагаан хаалгаар өмнө нь баруун аймгийн тээврийн машинууд  нэвтэрдэг байсан бөгөөд өнөөгийн  “22-ын шалган бүртгэх товчоо” байсан.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн  ажилтай холбогдуулан, Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг татан буулгаж, “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдсын даваа орчимд барих саналыг Тэргүүлэгчидэд танилцууллаа. Саналыг Тэргүүлэгчид хэлэлцэн, тогтоол гаргаж, буулгахаар боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан 9 сарын 26-нд болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 9 сарын 26-ны өдрийн Пүрэв гаригт хуралдахаар боллоо. Хуралдаанаар Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах тухай, Хог тээврийн тариф батлах тухай асуудлыг хэлэлцэхээр Тэргүүлэгчид баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …