Өнөө үеийн зарим залуусын ааш араншин, хандлагыг шүүмжилсэн нийтлэлийг хүргэж байна. залуус нэгийг бодож, хоёрыг тунгаана буй за…
МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл. Хармаандаа мѳнгѳгүй тэрээр, мѳнгѳтэй хэн нэгэн энэ ярианд нь үнэмшиж “хоолонд даачих магад” хэмээн горьдсон харцаа хаа нэг тийш чулуудах аж.
МАНГАР БАЦААН юу ч уншдаггүй мѳртлѳѳ жигтэйхэн мэдэмхийрнэ. Ярилцаж байгаа хүнийхээ урдуур нь “амаа булаасан морь” шиг дайрч ѳѳрийнхѳѳрѳѳ зүтгэнэ, үнэхээр тѳвѳгтэй. Тэр яриаг нь сонсох хэцүү, таслах ч хэцүү. Зүгээр л дам сургаар сонссон зүйлээ жаахан давсалж байгаад ам дамжуулан мэдэхийрэхдээ “тэр п..да тэгж ш…гаад” гэх хачираар даруулахаа мартахгүй. 3 үгний 1 нь болох нийтлэг “п..да” хэллэгээ шүднийхээ завсраар тургилах шүлстэйгээ холин байж цацна, сэжиглэж холдмоор.
МАНГАР БАЦААН ѳѳрѳѳ бусдад тусалдаггүй байж, ѳрѳѳл бусдад гомдомхой. Уулзаж тааралдах бүрдээ албатай юм шиг “Чи томорчихоод намайг тоосонгүй” гэж үг хаяна. Тоглоод байгаа юм шиг, доромжлоод ч байгаа юм шиг битүүхэн үгээр бусдын дэргэд найзаа “доош нь хийнэ”, түүнийгээ атаархлыг хорсолтой хольсон зэвүүн инээдээр хачирлахаа мартахгүй. Бусдын дэргэд танилаа эвгүй байдалд оруулчихаад юу ч болоогүй юм шиг “найз нь тоглосон юм шүү, гомдоогүй биз дээ?” хэмээн мѳрѳн дээр нь алгадана. “Алдуурсан хүлэг” шиг амнаас нь гараад булгиж орхисон хорон яриа бусдын сэтгэлд “тоос” болон үлдэж байгааг хэн хэн нь мэдэж л байдаг.
МАНГАР БАЦААН жигтэйхэн хүүхэмсэг. Tүүнийгээ хэнээс нуухгүй ид бах болгон бусдад ярина. Бүсгүйчүүдийг “зугаа цэнгэлийн хэрэгслэл” гэж боддог тэрээр найрсан бас унтсан бүсгүйчүүдийнхээ талаар ичгүүр сонжуургүйгээр бусдад чалчина. Хэрвээ түүний ярианд үнэмших юм бол, энэ ертѳнцийн хамаг л гоо сайхан бүсгүйчүүд зѳвхѳн түүн рүү гүйлдэж байдаг, мѳнгѳнд дуртай, гэхдээ арчаагүй, бас хѳгийн. Түүнд дурласан бүсгүйчүүд одоо хүртэл шаналцгаан цонхны дэргэд уйлж суугаа тѳдийгүй, түүнийг “ирээч” хэмээн ѳѳрѳѳс нь гуйж бас бурханд залбирч байдаг юм байх. Нусаа ч олигтой арчиж сураагүй мѳртлѳѳ мѳрѳѳдѳлдѳѳ солиорч ярьж суугаа түүнийг алгадах ч хэцүү.
MАНГАР БАЦААН ажил хийх үнэхээр дургуй. Яах ч аргагүй болоод ажил хийх бол ѳѳрийгѳѳ зовоолгүй аргацааж байгаад их мѳнгѳ авахыг л боддог. “Дургүйд хүчгүй” дээр “сэтгэлгүй” нэмэгдэхээр “Муу хүнийг зар, зарсан хойноо зарлага “гэдэг шиг л болно. Мань хүн мѳнгѳѳ авахаа л мартахгүй, авсан мѳнгѳѳ чамлана, бусдад муучилна, аажим аажимдаа ажил хийж мѳнгѳтэй болж байгаа хүн бүрийг л үзэн ядна. Ажил хийхдээ аргалахыг л боддог болохоор сэтгэл шингэсэн бүтээл гарахгүй. Яаж ийгээд аргалаад олсон мѳнгѳнийхээ талаар гайхуулж ярина, бусдад үүнийгээ халдварлуулахыг хичээнэ.
…Ѳдрѳѳс ѳдѳрт олноороо бий болж халдварт ѳвчин шиг тархаж буй ийм мангар бацаанууд бидний арчаагүй сэтгэлгээний, манай ялзарч ѳмхий ханхлуулж байгаа нийгмийн, тэнэг улстѳрийн золиос болсоор байгаа боловсролын тогтолцооны бүтээгдэхүүн мѳн. Хийх ажилгүй сэлгүүцэж, хѳгшчүүдийнхээ хэдэн тѳгрѳгѳѳр зугаацан цэнгэж, согтууран балайрч, “ууж иддэг, унжиж явдаг улаан хоолой”-нуудынхаа боол нь болон хүчирхийлэл үйлдэж, зүгээр л шар нарны дор бор хоногийг ѳнгѳрѳѳхчѳѳ аядан “салгалж” яваа олон залуус үүний жишээ. Мангар бацаануудад жаахан эрх мэдэл, мѳнгѳ ѳгчихвѳл шаардлага тавьсан замын цагдаад “салаавч” үзүүлж, бааранд “сэлэм эргүүлэн” дѳвчигнѳж, хэрээ мэдэхгүй сагсуурч эцэс сүүлд нь хуулийн ѳмнѳ “хэн ч биш” гэдгээ ойлгож эхэлдэг. Мангар бацаануудыг улстѳрд оруулбал “Тэнгэрийн умдаг “атгасан мэт хѳѳрцѳглѳж, тайлсан бандаашаа яаж ѳмссѳнѳѳ бусдад зарлаж явах хүртлээ доройтдог. Эргэн тойрноо анхаарч ажиглах юм бол ийм дүр зургууд зѳндѳѳ. Бид ийм мангар бацаануудад дасч эхэлж байна.
Монголчууд бид ѳѳрсдийнхѳѳ ирээдүйн тухай чин сэтгэлээсээ санаа зовдог. Бидний ирээдүй ямар байх нь ѳнѳѳгийн Тѳрийн бодлого, алсын хараа, Боловсролын системийн тогтолцооноос шууд хамаардаг. Бас таны, миний, бидний сэтгэлгээний цар хүрээнээс ч хамаарна. Цалингаа нэмүүлэхийн тѳлѳѳ бус, ядаж л “нэг ангид 25-аас доош хүүхдэд хичээл зааж байж би ажлаа чанартай хийж чаднаа” гэдэг шаардлагаас ѳѳрчлѳлтийг эхэлдэг бол?
Нэг ангид чихэлдсэн 50, 60 хүүхдэд 40 минутад хэрхэн мэдлэг олгож чадах вэ? хэмээн бид шаналахгүй байна. “Малын хашаа” биш дээ. Монголын нийгэмд ажиллаж амьдарч чадах тѳлѳвшсѳн иргэнээ бэлтгэх зорилгоос л боловсролын шинэчлэл ѳѳрчлѳлт эхэлнэ. Эс тэгвэл бид ийм мангар бацаануудыг үй олноор нь гаргасаар байх болно. “Эрдэмд орой үгүй, тэнэглэлд хязгаар” үгүй гэдэг.
Г.Галбадрах