2017 оны 12-р сарын 15-ны өдөр ОУВС-ын Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад 3 жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл сайн байгаа ба 2017 оны эдийн засгийн өсөлт таамаглалаас давж 3.3 хувьд хүрэхээр байна. Зорьж байсан тоон үзүүлэлтүүд бүгд амжилттай биелсэн гол шалтгаан нь нэг талаас бодлогын хэрэгжилт сайн байсан, нөгөө талаас гадаад орчин таатай байсанд оршиж байгаа юм. Хэдийгээр 9-р сард тус улсын Засгийн газар огцорч хугацааны хоцрогдол үүсгэсэн ч бүтцийн реформуудын хэрэгжилт хүчтэй байна.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг ОУВС 2017 оны 5-р сарын 24-нд баталж, Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 314.5 сая буюу 425 сая ам.долларыг 3 жилийн хугацаатайгаар олгохыг зөвшөөрсөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь төсвийн алдагдал болон өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, өсөлт-уналтын мөчлөгийг саармагжуулах арга хэмжээнүүдийг авч тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох замаар эдийн засгийг тогтворжуулахаар зорьж байгаа.
Захирлуудын зөвлөлийн хурлын дараа ОУВС-ын дэд захирал бөгөөд Захирлуудын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч ноён Мицухиро Фурусава хэлэхдээ:
“Хэдийгээр улс төрийн хөгжлийн хувьд удаашрал үүссэн ч ОУВС-ын дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн эерэг гарсан. Эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай сэргэж, итгэлцэл эргэж нэмэгдсэнээр гадаад валютын ханш тогтворжиж, олон улсад босгох санхүүжилтийн өртөг буурч, гадаад валютын нөөц нэмэгдсэн. Эрх бүхий байгууллагууд төсвийн алдагдлаа бууруулж, өсөлтийн чанарыг сайжруулах бүтцийн өөрчлөлт, реформуудыг хийж эхэлсэн.”
“Зорьж байсан бүх тоон үзүүлэлтүүд хангагдсан байна. Төсвийн орлого нэмэгдэж, зардлын зарцуулалтыг чангатгаснаар төсвийн алдагдал ДНБ-ийн 7.6%-д хүрч, 2016 онтой харьцуулахад дариу тал хагасаас нь бага хэмжээнд очиж төсвийн үр дүн төсөөллөөс давлаа. Саяхан батлагдсан 2017 оны Төсвийн Тодотгол болон 2018 оны Төсөв нь хэрэгжиж буй хөтөлбөртэй нийцтэй байгаа. Төсвийн гүйцэтгэлээс давсан орлогын тал нь хуримтлал болж, цаашид зээлжилтийг болон өрийн хэмжээг бууруулахад ашиглагдана. Харин үлдсэн хэсгийг Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нийцүүлэн үр ашигтай зарцуулах, төрийн албан хаагчдад нэг удаагийн шагнал олгоход ашиглана. Нүүрсний экспортын гүйцэтгэл, бондын болон мөнгөний зах зээл дэх хөрөнгийн дотогшлох урсгал, хандивлагчдын тусламж зэргийн нөлөөгөөр гадаад валютын цэвэр нөөц мөн нэмэгджээ.”
“Улс төрийн тогтворгүй орчныг эс тооцвол эрх бүхий байгууллагуудын хэрэгжүүлж буй реформууд нь дунд хугацааны туршид өсөлтийг тогтвортой байлгах, өрсөлдөх чадвар болон эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, өсөлт-бууралтын мөчлөгийг саармагжуулах зэрэгт дэмжлэг болно. Банкны тогтолцоог нөхөн сэргээх, бэхжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Активын Чанарын Үнэлгээний үр дүн удахгүй гарахаар байгаа ба Монголбанк зохицуулалтын болон хяналтын тогтолцоогоо боловсронгуй болгох арга хэмжээнүүдийг авч байна. Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монголын арилжааны банкуудын засаглал болон үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн чухал реформууд хийгдэж байгаа ба холбогдох хуулиуд удахгүй батлагдана. Төсвийн тал дээр дээд шатны албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсанаар Татварын ерөнхий газар, татварын бодлого, төсвийн удирдлагыг чадавхжуулж, илүү хүчтэй болгох арга хэмжээ авч байгаа.”
Нийгмийн халамжийн бодлогыг бэхжүүлж, хамгийн эмзэг ядуу иргэдэд илүү хүртээмжтэй болгохын тулд Засгийн газар “хүүхдийн мөнгө хөтөлбөр”-ийг бага орлоготой айл өрхүүдэд чиглүүлж, ядуу иргэдэд зориулсан хүнсний талоныг хуримтлалыг ашигласнаар нэмэгдүүлнэ.”
“Монгол Улсын өрийн түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд эдийн засаг нь олон улсын түүхий эдийн үнээс хамааралтай хэвээр байгаа тул хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон тохиролцоонд хүрч ажиллах нь нэн чухал юм. Шинэчлэлт, реформын төлөвлөгөөг тогтвортой мөрдлөг болгон хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх, итгэлийг дээшлүүлэх, төсвийн орлого болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, донор орон болон байгууллагуудын дэмжлэгийг авах боломжийг бүрдүүлнэ” гэжээ.
Эх сурвалж: ОУВС