Нийслэлийн газрын албатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авах захирамж гарчээ

Нийслэл хотод эмх замбараагүй баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хороололын хаяг нь тодорхойгүй гудамжнууд Улаанбаатар хотын зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирснийг илэрхийлдэг гэлтэй. Иргэдийн дунд хамгийн их яригддаг маргаан зөрчилтэй асуудлуудын тоонд зүй ёсоор газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан эзлэдэг байна. Ялангуяа газрын маргаантай холбоотой асуудлуудаар гарсан шүүхийн шийдвэрүүд тэр бүр хэрэгжихгүй араасаа маргаан дагуулдаг явдал түгээмэл гардаг.

Тэгвэл саяхан НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Газрын албаны хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой  иргэд, оршин суугчдын гомдлыг хүлээн авах захирамж гаргасан нь  иргэд олон нийтийн дэмжлэгийг хүлээгээд байна.

Уг захирамжид дурьдснаар бол Нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа иргэд, оршин суугчид газрын харилцаатай холбоотой санал гомдлоо 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл НИТХ-ын Ажлын албанд болон харьяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төвд гаргаж болох юм байна.

Ийнхүү нийслэлд олон жил хурцаар яригдаж ирсэн газрын харилцаатай холбоотой шүүмжлэл, газрын албаны хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг НИТХ-аас иргэд олон нийтийн оролцоотойгоор ‘илчилж’, үүнд үндэслэн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд, газрын харилцааны албаны удирдлагууд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан Олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, газрын харилцаатай холбоотой нийслэл хотод үүсгээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарцыг иргэдийн оролцоотойгоор бий болгохыг зорьж байгаад олон нийт талархалтай хандаж байна.

Дашрамд дурьдахад, нийслэлийн захиргааны байгууллагуудаас газрын харилцаатай холбоотой үүссэн асуудлаар олон нийтийг хамруулсан ийм хэлэлцүүлэг өрнүүлж байсан удаагүй гэнэ.

Б.ЭНХ

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …