Б.Лхагва дарга шатахуун импортлогчдод “дээрэлхүүлсээр” байна

2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Монголын нефть импортлогчид үгсэн хуйвалдаж, шатахууны үнийг литр тутамд 270 төгрөгөөр нэмж байв. Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар шалгаж, үгсэн хуйвалдсан болохыг тогтоож, нефть импортлогчид 17.2 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан байдаг. Гэвч тухайн үед ШӨХТГ-т томилогдон очсон Б.Лхагва уг шийдвэрийг хүчингүй болгож байсныг одоо ч хэвлэлийн хуудаснаас олж унших боломжтой.

Б.Лхагва даргын энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо олон удаагийн шаардлага, хүсэлтийг хүргүүлж байсан. Үүний дараа Б.Лхагвад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллүүд ч цацагдаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Лхагвыг албан тушаалаа ашиглан нефть импортлогчидтой үгсэн хуйвалдаж, 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон гэх хэргээр шалгаж байсан юм. Гэхдээ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тодорхой мэдээлэлгүйгээр энэ асуудал намжсан билээ.

Ингээд ШӨХТГ-ын даргаар О.Магнай, дараа нь Т.Аюурсайхан, Д.Мөнхтөр нар намын томилгоогоор ажиллаж, 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Б.Лхагва дахин ШӨХТГ-ын даргаар томилогдов. Ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо гэж үүнийг л хэлэх байх хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байлаа.

Гэтэл “амташсан хэрээ гурав дахина” гэгчээр Б.Лхагва даргын үед нефть импортлогчид дахин үгсэн хуйвалдав. Тодруулбал, Сод Монгол, Магнай трейд тэргүүтэй компаниуд зориудаар шатахууны хомсдол үүсгэж, үнээ нэмсэн асуудал шинэ оны эхний өдрүүдэд тохиосон юм. ШӨХТГ ч яаравчлан хяналт шалгалтаа хийлээ. Дахиад ч хянах, шалгах шаардлага байгаа гэдгээ ч уламжлав.

Гэхдээ л ШӨХТГ-ын зургаан жилийн өмнөх шигээ ажиллаж чадсангүй. Зориудаар хомсдол үүсгэсэн эдгээр компаниудад торгуулиас ч өндөр хариуцлага ноогдуулах ёстой баймаар. Шударга өрсөлдөөн алдагдсан, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн нь ойлгомжтой байна. Тэгэхээр хэн хариуцлага тооцох ёстой вэ. ШӨХТГ л хариуцлага тооцно. Акт тавьж, хариуцлага тооцох эрх нь ч тэдэнд байдаг. Гэтэл ШӨТХГ-аас “ … холбогдох хүмүүсийг дуудаж уулзсан. Одоогоор хомсдол үүсгэхгүй байгаа гэж найдаж байна … Шатахууны үнийн тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллахгүй …” гэх мэтийн шалдар булдар зүйл л яриад өнгөрлөө.

Шатахууны үнэ нэмэгдсэн, зарим ШТС-ууд шатахуун борлуулахгүй байсан. Энэ бүгд нотлох баримттай үнэн. Гэтэл ШӨХТГ арга хэмжээ авахгүйгээр толгойг нь илээд өнгөрлөө. Үүнийгээ “бид ААН-үүдийг торгодог биш сануулдаг анхааруулдаг байдлаар ажиллаж байгаа” гээд эвтэйхэн тайлбарлачихаж байгаа юм. Эндээс Б.Лхагва дарга шатахуун импортлогчдод “хэтэрхий зөөлөн” ханддаг хүн юм аа гэх хардлагыг төрүүлээд байна л даа. Тэртээх 2012 онд 17 тэрбум төгрөгийн торгуулийг нь чөлөөлсөн. Одоо иргэдийг хохироож, зориудаар хомсдол үүсгэсэн нөхдүүдийн толгойг илээд өнгөрч байна. Магадгүй Б.Лхагва “аядуу зөөлөн” хүн байх. Тиймээс түүнийг шатахуун импортлогчид элэг барьдаг байж болзошгүй. Эсвэл …


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …