Дөнөн үхрийн аашийг давж буй тэдний ба бидний туршлага

 Бид гунан үхрийг басамжилснаас болоод дөнөн үхэр айхтар хариуг нь авч байна. Гадаа хүйтэн байгаа биз. Сүүлд хэзээ ингэж хацраа хайруулж, чихээ хөлдөөж байснаа санахгүй байна. Ус гүйгээд минчигнэж лугшаад нэг л биш ээ. Тэгсэн ганц Монголд ч биш дэлхийн бүхий л улс оронд хүйтний эрч чангарч байгаа бололтой. “Гунан үхэр тэгтлээ гомдсон юм байх даа.  Дөнөн үхэр ааштай юм аа” гэж бодогдож байна.

Гэхдээ манайхаас өөр улс оронд дөнөн үхрийн цочмог арга хэмжээний эсрэг арга хэмжээ аваад эхэлсэн байна. Тухайлбал Бүгд Найрамдах Солонгос улсад огцом хүйтэрч, – 19 хэм хүрсэн байна. Харин тус улсын нийтийн тээврийн газраас, эсвэл орон нутгийн захиргаанаас за мэдэхгүй ямар ч л байсан татвараар цалинждаг нэг газраас автобус хүлээж байгаа иргэдээ дааруулахгүйн тулд саравч, бүхээг шиг зүйлийг буудал болгон дээр байршуулжээ.Хүйтэн жаврыг хаачихвал автобус иртэл хэсэг хугацаанд зогсоход асуудалгүй, дулаан байх боломжтой. Тэгээд ч Солонгосын автобус яг л цагаа барина. Түгжирч, хугацаа алдана гэж байхгүй. Хэрвээ тийм зүйл болвол нийтийн тээврийн газрын дарга нь мэдэгдэл хийж ард түмнээсээ уучлалт гуйгаад сүйд болдог юм билээ.

Тэгсэн Америкт хувийн хэвшлүүд буюу кофены дэлгүүрүүд дотор биш гаднаа үйл ажиллагаа явуулж, даарсан хүмүүс үнэгүй ч биш л дээ гэхдээ л 50-80 хувийн хямдралтай халуун кофе, уух зүйлээр үйлчилсэн байгаа юм. Бээцэгнэж явахдаа ганц аяга халуун зүйл уучихад дөнөн үхэртэй тэмцэлдээд л гарна биз дээ.

Хамгийн аймар нь манай хил залгаа Казахстан улс хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан таксины үйлчилгээг үнэ төлбөргүй болгосон байна.Юу гэсэн ч үг юм. Тэгээд таксинд яваа хүмүүс яахын үнэгүй хүн зөөгөөд шатахуунаараа хохироод явах юм байна. Тийм үү. Манай халтуурчид байсан бол боож үхэж байгаа л даа. Гэхдээ эзэнтэй улс чинь иргэдээ дөнөн үхрийн дайралтаас ингэж хамгаалдаг юм байна шүү дээ.

Тэгсэн бид яаж байна вэ? Бараг цаг шахуу автобусаа хүлээж, аргаа барахдаа үйлчилгээний газрын үүд бараадмагц, “битгий хаалга хааж зогсоод бай. Хүн оруулахгүй, орлого хаагаад байна. Гарцгаа гарцгаа” гээд хөөгдөх жишээтэй. Ганц нэг халуун цай, кофе аваад уучихья гэхээд тэнгэрт хадсан үнэтэй. Түүний оронд такси бариад харьчихсан нь дээр байгаа юм чинь. Гэвч ажил тарах үеэр такси барина гэдэг далайгаас сувд шүүрэхтэй адил тэнгэрийн заяа төөрөгтэй холбоотой асуудал болно. Ингээд аз болж автобус ирэхэд бүгд түүн рүү дайрч, тас хөлдүү хаалгыг нь хугачих шахам орцгооно. Тэгээд л автобус хөдөлж амжаагүй байхад нэг нь “Миний утсыг хэн авчихав аа, жолоочоо зогсоорой, бүгд гарч болохгүй шүү, Цагдаа дуудчихлаа, та нарыг нэгжинэ” гээд л хулгайд сэрдэгдээд явчихна шүү дээ.Автобус нь цаг хугацаандаа хүрэлцээтэй ирдэг бол урт гартуудын ажиллах нөхцөл хумигдах нь ойлгомжтой. Бас хүйтэнд бээвийж зогсохоор юунд хамаагүй суугаад гэр рүүгээ дөхье гэсэн хүний яаруу шийдвэр байгаагүй бол автобусанд хоригдчихоод цагдаад нэгжүүлээд зогсохгүй л байх байлаа. Энэ бүгдийн дараа биднийхээ татвараар цалинжиж, шинэ оны цоо шинэхэн автомашинаар зам хааж давхиж байгаа дарга нарыг хараад гомдох сэтгэл төрөх юм даа. Бодохоор л гомдоод байх юм. Хэзээ дулаарах вэ?


Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …