Агаарын бохирдол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Тиймээс төр засаг ч гэлтгүй, олон нийт, аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулахад анхаарлаа хандуулж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Тэдний нэг бол “Монгол Түлш” ХХК юм.
Монгол түлш ХХК 2012 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа. Тэгвэл тэд өнөөдөр газрын гүний дулааныг ашиглаж, улирал харгалзахгүйгээр барилга, байгууламжийн халаалтыг шийдвэрлэх боломжтой шинэ технологио танилцууллаа.
Тэд шинэ технологио танилцуулахын тулд дулаан цуглуулах цооногоо гаргаж, системээ холбосон загварын байшинд биднийг оруулсан юм.
Энэ технологи нь дулааны эх үүсвэр болж буй цооногоор өвөл ч, зун ч тогтмол +5 – аас +7 хэм дулааныг цуглуулж, насос төхөөрөмжөөр нам потенциалын температурыг өсгөж, + 60 хэм хүртэл халааж, барилга байгууламжийн халаалтын систем рүү өгдөг байна.
Европын орнуудад хэрэглэдэг технологи нь манай орны нөхцөлд тохиромжгүй байсан учир, Монгол түлш компани өөрсдөө гадна, дотны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч Монгол улсын газар зүй болон цаг уурын нөхцөлд тохирсон технологийг гаргах судалгааг хийж 2016 онд үндсэн зарчмуудыг гарган авсан тухайгаа хэллээ. Хамгийн анхны 1000м² төхөөрөмжийг амины орон сууцанд суурилуулж туршилт хийсэн бөгөөд хоёр дахь жилдээ хэвийн ажиллаж байгаа аж.
Технологийн хувьд ямар нэгэн шатамхай түлш хэрэглэдэггүй учраас агаарын бохирдол үүсгэхгүй. Бүх хэрэглэгдэхүүн нь байгаль орчинд хор хөнөөлгүй. Экологийн хувьд 100 хувь ногоон технологи гэж танилцуулж байна. Хөрсний бүтцэд нөлөөлөх юм уу, бохирдуулах асуудал байхгүй. Халаалтын системийн хувьд цахилгаан халаагуураас гурав дахин хэмнэлттэй юм байна.
Зураг, хийц, дулаан алдагдал зэргээс хамаараад барилга тус бүрийн онцлогийг тооцож байж технологийнхоо үнэ ханшийг танилцуулна гэлээ. Хэн нэгнээс хуулбарласан бус Монголын нөхцөлд тохируулж хийсэн, оюуны өмчийн эрхтэй шинэ технологид ашиглах боломжтой хоолойг ч гаргажээ. Уг хоолой нь дотроо ирмэгтэй учир дулаан солилцох чадамж сайжирдаг байна.
Обьектын талбай, хэмжээ газар зүйн байршил хамаарахгүйгэр захиалгын дагуу инженерүүд технологийн схэм, бүтцийг гаргаж өгч байгаа юм байна.