Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийлээ.
Боловсрол Үнэлгээний Төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат “Энэ жилийн шалгалтын бүртгэл онлайнаар өнөөдрөөс эхэлж байна. Нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэл бичгийн шалгалтын тухайд ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулагддаг зарчмынхаа дагуу явагдана. Энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн байгаа.Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн зарчмаар явна.
Энэ жил бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай серверээ холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх юм.
Хэрэв хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал өөрийн сургуулийн сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандаж мэдээллээ солиулах боломжтой. Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ солиулсны дараа дахин хэвлэн авах юм.
Шалгалтын хураамж өнгөрсөн жилийнхтэй ижил 5,800 төгрөг байна. Мөн энэ жил Англи, Орос хэл гэх мэт хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварын дасгалыг нэмж, хугацааг тодорхой хэмжээнд уртасгасан. Хугацааны хувьд математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 мин, бусад хичээлүүд 80 минутын хугацаанд үргэлжилнэ.Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдын хамрагдах тоо өссөн. Өмнө нь 2-3 шалгуулагч байсан бол өнгөрсөн жил 24 хамрагдасан. Тиймээс бид энэ жил эдгээр шалгуулагчдад зориулж тусгай даалгавар гаргахаар бэлтгэл ажлаа базаасан.Суудлын хувьд тавдугаар сарын 15-аас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургаан сарын дундын 10 хоногт зохион байгуулахаар БСШУСЯ-нд хандсан байгаа.Шалгалтын дүн өнгөрсөн жилийнхтэй адил долоодугаар сарын 1-нд гарна. Гэхдээ энэ жил шалгалтын дүнг шууд цацдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэж мэдэгдэв.