УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулсан “Өршөөлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухай хууль санаачлагчид өнөөдөр мэдээлэл өглөө.
Тодруулбал, өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барихаар зэхсэн байсан ч өргөн барьж чадаагүй тус хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн байна. Мөн УИХ-ын ихэнхи гишүүдийн Өршөөлийн хуулийн шинэчилсэн хувилбарыг дэмжиж байгаа тул 10-р сарын 1-нд нээлтээ хийх УИХ-ын Намрын ээлжит чуулганаар батлагдана гэдэгт хуулийн төслийг санаачлагч гишүүд итгэлтэй байгаа ажээ.
Мөн тус хуулийн төслийг өргөн барих гэж байсан өнгөрсөн хавраас хойш хэдхэн сарын дотор 6000 байсан хүмүүжигчдийн тоо одоо 8000 болон маш хурдан нэмэгдсэн нь тус хуульд өөрчлөлт, шинэчлэлт оруулах хэрэгтэй байгааг илтгэж байна гэдгийг онцлов. Хэрэв хуулийн төсөл батлагдвал одоо хорих ангид ял эдэлж буй 8000 хүмүүжигчдийн 3000 мянга нь өршөөлд хамрагдаж суллагдах боломжтой юм байна. 3000 хүмүүжигч суллагдвал төсвөөс жил бүр хоригдлуудын зардалд өгдөг 12 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой аж. Тодруулбал, нэг ялтанд төсвөөс сард 10650 төгрөгийн зардлыг гаргадаг бөгөөд жилд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг байна. Иймд хөнгөн, хүндэвтэр, хохирлоо барагдуулсан ялтныг сулласнаар улсын төсөвт үүсдэг хүндрэлийг багасгах боломж гарч ирж байгаа гэв.
Дашрамд сонирхуулахад, Өршөөлийн тухай хуулийн төслийг өмнө нь Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаад анх удаа УИХ-ын гишүүд санаачлан боловсруулсан гэдгээрээ онцлог юм. Мөн “Өршөөлийн тухай хууль”-ийн төсөлд хохирогчдийн хохирол барагдуулах механизмийг нарийн тодорхой зааж өгсөн бөгөөд хүмүүжигчдийг суллагдсаны дараа давтан гэмт хэрэгт холбогдохгүй байх тал дээр анхаарч ажиллах гарах гарцыг шийдэж өгсөнөөрөө давуу талтай юм байна.
Өршөөлийн тухай хуульд өмнө нь уг хуульд хамрагдсан хүмүүс дахин хамрагдахгүй ба оргон зугтаасан хүмүүжигчид ч мөн энэ хуульд хамрагдахааргүй байхаар тусгажээ.
Л.Бадрах