Д.Чойжамц: Нүглийг тэвчиж, ажиллаж хөдөлмөрлөвөл бүх зүйл сайхан болно

Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй  XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар айлдлаа.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц“XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн мэндийг Монголын ард түмэн сүсэгтэн олондоо гарч байгаа шинэ жилийн мэндийг дэвшүүлье.

Бид өнгөрсөн жил сайхан Монгол орны хөгжил дэвшлийг бүгд харцгаалаа. Засаг төр нь цэцгэрч, хөгжлийн замд орсон үе байлаа.Шашны хувьд мөн олон зүйл өөр боллоо. 1930-аад онд олон лам нараа егүүтгэсэн. Коммунизмын мөрөөр, тэдэнд таалагдаагүй бүх зүйлийг утсгасан. Энэ орны дархлаа үгүй болсон юм. Энэ байдал 1990-ээд оноос хойш ондоо боллоо. Хүний эрх, эрх чөлөө, байгаль хамгаалал улам сайхан болж, төгөлдөржиж байна.

Цагаан сар бол эрт үед шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ тэмдэглэдэг болсон.Цагаан сар бол нэг талаараа эв нэгдлийн баяр юм. Ахмадаа хүндэтгэж, үр хүүхдээ асарч, найз нөхөд, хамаатан садантайгаа уулздаг сайхан үе. Нөгөөтээгүүр зан заншлын баяр юм.

Шинэ жилийн баяраа битүүнд эхэлдэг. Хуучин оны төгсгөлийг дүгнэж, зочид урьж, хуучин онд маргалдсан хүн байвал хөөрөг зөрүүлж цагаадаж, хуучин ондоо эвлэрч, муу муухайгаа хаядаг бэлгэдэлтэй.Шинийн нэгэнд идээ будаагаа засаж, ахмадаа хүндэтгэн золгож, бэлгэ дэмбэрэлийн үг хэлдэг. Хэрэв айлд бэлгэ дэмбэрэлгүй, муу үг хэлж орвол айлд хэзээ ч зочин болдоггүй, дахин цагаан сараар тухайн хүнийг урьдаггүй байсан.

Мөн цагаан сараар хадаг бол эрхэм чухал. Одоогийнх шиг гадаа хөдөө хаяж, модноос дүүжилдэг эд биш байсан. Хадгийг маш их нандигнадаг байсан. Хадаг тогтвол буян тогтдог гэсэн яриа байдаг. Хадгаараа дэлгүүрээс юм худалдаж авдаг, хог сав шиг хаядаггүй, хүндэтгэлийн зүйл байсан. 1990 оноос хойш эд мэдэхгүй хүмүүс хаа хамаагүй хаядаг болсон.

Монголчууд цагаан сарын бие, хэл, сэтгэл гурвын эв нэгдэл, буян чуулганыг хураадаг, нүгэлийг тэвчдэг баяр болгон тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн нигуурыг үзвээс нохой жил сайхан жил болох төлөвтэй байна. Зарим улиралд бага зэрэг ган гачигтай харагдсан. Ахмад үеийнхэн ажил хөдөлмөр, биедээ болгоомжтой хандах шаардлагатай. Малчид малдаа хянуур хандах хэрэгтэй. Мал бусдын эрхэнд орж мэдэхээр зурхайд буусан.Бид өөрсдөө зүтгэвэл муу зүйлийг үгүй болгох нь ертөнцийн хууль.Чи төгс гэгээрсэн бурхны хутгийг олж болно гэж Бурхан багш айлдсан. Ямар ч хүн өөрчлөгддөг. Сайн сайхан явахыг бид өөрсдөө мэднэ.Нүглийг тэвчиж, сайхан ажиллаж хөдөлмөрлөвөл бүх зүйл сайхан болно.Монголын ард түмнээ эвтэй зүйтэй, урт настай, удаан жаргалтай, харшлах шалтгаанаас ангид, эд зүйлээр элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, хамгийн сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …