Ш.Гүрбазар: “Хөх тойрог” төслийн гол баатар нь ард түмэн

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар “TV2” телевизтэй хамтран “Хөх тойрог” шинэ төсөл эхлүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Уг төслийн хүрээнд хувь заяаны эрхээр төөрөлдсөн эх үр, ахан дүүс, ураг саданг уулзуулах, амьдралын баялаг намтартай хүмүүний тухай өгүүлэх, дэлхий даяар тархан суурьшсан Монгол түмний түүхийг сэргээх зэрэг өргөн агуулга, сэдэв бүхий нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх юм.
Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, “Би Монголын телевизийн урлагт 40 жил зүтгэхдээ ууган телевиз болох МҮОНТ-д 39 жилийг өнгөрүүлсэн. Тиймээс хамгийн отгон телевизийн өрхийг таталцаж, 40 жилийн туршлагаасаа хуваалцах, хамтран ажиллах хүсэлтэй байсан юм. Энэ хүсэл маань өнөөдөр биелэлээ оллоо. Миний бие “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” зэргээс эхлээд ихэвчлэн иргэн, хувь хүнд чиглэсэн нэвтрүүлэг хийдэг. “Хүн бол ертөнц хэмээх хөх тойрогт бидэрч яваа тайлагдашгүй их бодьгал юм” гэх алдартай үг бий. Тиймээс Монгол хүний философи, түүний намтар түүхийг харуулсан нэвтрүүлэг хийх хүсэл тээж явсан юм. Тиймээс “Хөх тойрог” хэмээх төслийг эхлүүлэх боллоо. Энэ төслийн гол баатар, зохиогч нь ард түмэн юм. Тиймээс ард түмнийгээ бидэнтэй хамтран ажиллаж, өөрийн түүх, нандин гэсэн бүхнээ бидэнтэй хуваалцаасай гэж хүсч байна. Бид таны түүхийг хүмүүст хүргэх болно” гэв.
“ТВ2” телевиз үйл ажиллагаа явуулж эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч ОХУ, БНХАУ, БНСУ-ын телевизүүд болон “Fremantle Media” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлж чаджээ. Хамтын ажиллагаатай гадаадын телевизүүдийн зүгээс нүүдэлчин ахуй соёл, түүнээс улбаатай нүүдэлчин хүмүүсийн хувь заяаны талаар нэвтрүүлэг бэлдэхийг санал болгосон байна. Энэ дагуу “TV2” телевизээс Хөх тойрог” нэвтрүүлэг бэлтгэх саналыг Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар болон Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор Д.Өлзийбаатар нарт хүргүүлжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ТЕГ, ГХЯ, Үндсэний архивын газар, Гадаад улсуудад суугаа Монголын Элчин сайдын яамд хамтран ажиллана гэдгийг “ТВ2” телевизийн Ерөнхий захирал Д.Энхтуяа дурдсан юм.
Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор Д.Өлзийбаатар, “Монгол бол ОХУ, БНХАУ хэмээх хоёр том гүрний дунд байдаг жижиг орон гэх ойлголт олон нийтэд түгээмэл байдаг. Гэхдээ Монголын түүх дэлхий нийтийн түүхтэй шууд холбоотой байдаг. Бид аугаа түүхтэй, баялаг уламжлалтай, асар их соёлын өв тээсэн ард түмэн. Энэ бүхнээ дотоодын хийгээд олон улсад таниулах зорилгоор “Хөх тойрог” төслийг хэрэгжүүлэх болсон юм” гэлээ.
Ч.Ариунболд

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …