Хүнсний аюулгүй байдал ба хооллох соёл 

Түмэн олноо сонордуулах нь

“Эрүүл хүнс – эрүүл хүн ам, эрүүл хүн – бүтээлч хөдөлмөр – хөгжил дэвшил” энэ бол хүнсний аюулгүй байдал юм. Эдгээрийг зөв удирдлагаар хангах бодлого зангидаж чадвал улс орны хүнсний аюулгүй байдлын бодлого гарч ирж байгаа нь тэр. Харамсалтай нь “ухаандаа ухна ишиг унагаачихсан” манай удирдлага үүнийг огт ойлгохгүй өөрсдийнхөө халаас хармааг түнтийлгэхийн төлөө л худлаа яриад хүн ардаа хуурч мунхруулах гээд л манаргаж явна даа. Уул нь эрүүл хүн л санаж сэтгэж, бүтээж туурвиж, хөдөлмөрлөх хамгийн өндөр боломжтой байдаг даа. Энэ нөхцлийг л хангахын тулд хүнсний аюулгүй байдлын бодлого улс улсад байдаг учиртай. Гэхдээ өвөрмөц онцлогууд бий.

Гэтэл манай улсад хүнсний аюулгүй байдлын бодлого байдаггүйгээс манай хүнсний наймаачид хямдханыг нь харж, Хятадаас хамгийн доод зэрэглэлийнх нь хоол хүнсийг зөөж, хоёр нугалсан үнээр хүн амдаа зарж байгаа. Тиймээс манай улсын энэхүү онцлогийг хүнсний аюулгүй байдлын бодлогогүй улс гэж тодорхойлж болно. Энэ салбарт төрийн бодлого байдаггүй учраас л манай хилээр хортой хүнс чөлөөтэй нэвтэрч орж ирж байгаа юм. Тэгэхлээр бид хортой хоол хүнс идэж ууж байгаад үндсэндээ бидний зарим хэсэг буюу дарга нар, хүнсний наймаачид буруутай гэж хэлж болно.
Бид яагаад хүнснийхээ аюулгүй байдлаа асар эмзэг болгож алдав аа. Нэгд, бодлогоо тодорхойлж зангидаагүй; хоёрт, хүнсний үйлдвэрлэлийн санаачилгаа алдсан; гуравт, хүнс хэрэглээний уламжлалаа үл тоомсорлон үгүйсгэдэг болсон-той яах аргагүй холбоотой.

Өрнөдийн эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгаагаар уул нь хүнд ердөө л тавхан төрлийн хүнсний зүйл л хэрэгтэй байдаг гэж баттай тогтоожээ. Тодруулбал мах, сүү, өндөг, гурил, сонгино тав л ажээ. Гэтэл бид үеийн үед юуг голлон идэж ирлээ дээ. Үндсэндээ энэ таваас өндөгнөөс бусдыг нь хүнсэндээ хэрэглэж иржээ дээ. Ялангуяа нүүдэлчдийн хэрэглэж ирсэн хүнснээс “тараг” гэдэг хүнс маш гайхамшигтай хүнс гэдэг нь тогтоогдсон ажээ. Өдөрт 500 гр тараг ууж байвал ямар ч хүний бие шаардлагатай амин дэм, эрдэс бодисоороо хангагддаг гэнэ дээ. Харин хүнсэнд хэрэглэдэг ногоог хүн бүр өөртөө чухам аль нь хэрэгтэйг зөв сонгож, зөв хэрэглэх онцгой шаардлагатай байдаг ажээ. Улаан ногоог хавдараас сэргийлэх, хавдарын төрлийн өвчинг эмнэх гэх мэтэд, ногоон ногоог кальц дутах гэх мэтэд хэрэглэх хэрэгтэй байдаг ажээ. Хүнсний ногоог буруу хэрэглэвэл юунд хүргэж болохыг төмсөөр жишээ авахад л төмс цардуул маш ихтэй учраас таргалуулахын үндсийг маш хурдан тавьж өгдөг, идэх хэмжээнээсээ хэтэртэл их хэрэглэвэл зүрхэнд нөлөөлж үхэлд хүргэдэг гэнэ дээ. Ер нь ногоо, ургамлыг эмчилгээний л зориулалттай хэрэглэдэг бололтой. Хүнсэнд бол маш бага хэмжээгээр л хэрэглэж болдог бололтой дог оо. Ногоон хоолтон хөгжингүй өрнөдийн орны хүмүүсийг харахад гэрээрээ дүүрэн эм тантай, тодруулж хэлбэл гэр орон нь эмийн сан аятай л байдаг. Ногоон хоол хүний биед хэрэгтэй тэжээл, эрчим хүчийг бүрэн төгс өгч чаддаггүй учраас тэд биеэ өвтгөхгүйн тулд эм танг хоол аятай идэж уудаг нь үүнээс илэрхий болдог.

Нүүдэлчдийн мал аж ахуй нь малын амьсгалаас бусдыг ашигладаг хаягдалгүй технологитой аж ахуй юм. Энэхүү технологи нь байгаль орчинд хор хөнөөлгүй байх зарчмыг дээд зэргээр удирдлага болгодог, нүүдэлчдийн аж ахуйгаа эрхлэх арга барилаас урган гарсан үйлдвэрлэлийн аргачлал мөн гэж хэлж болно оо. Монгол хүн Монгол гэртээ 100 гаруй төрлийн жижиг үйлдвэрлэл явуулдаг. “Төр сайтын засаг сайн” гэдгээр иргэдийнхээ хувийн амьдрал, аж ахуйн үйл ажиллагаанд засаг нь дээрээс хэт хутгалдаж оролцоод байдаггүй байснаас “өрх бүр үйлдвэрлэгч” гэдэг зарчим Монголчуудын амьдралд төгс хэрэгждэг байсан. Хоол хүнсээ өөрөө өөрийнхөө гараараа бэлдэж хангана гэдэг хамгийн бат найдвартай зүйл билээ. Хүн өөрөө хэрэглэх гэж байгаа учраас өөртөө хор болох хүнсийг үйлдвэрлэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хүнсний аюулгүй байдлын энэхүү хамгийн баталгаатай зарчмыг бидний өвөг дээдэс эртнээс баримталж, айл бүр хүнсээ өөрсдийнхөө гараар бэлтгэх нөхцлийг бүрдүүлж өгсөн билээ.

Өнөө үед бид юу идэж ууж байгаагаа мэдэхийн аргагүй болжээ. Хүнсний том том үйлдвэрүүд ашиг орлогын хойноос улайран хөөцөлдөж, олны нүднээс далдуур ямар гээчийн аюултай хүнсийг үйлдвэрлэж хэрэглэгчид нийлүүлж байгаа нь тодорхойгүй байна. Ямар ч байсан тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дотор химийн бодис ороогүй нэг ч бүтээгдэхүүн байхгүй гэдэг л ойлгомжтой байна.
Монголчууд идээ ундааг хэрэглэж ирсэн зарчим нь орчин үеийн хоол судлалын ойлголтоос зарчмын ялгаатай. Тухайлбал нэгд, өвөрмөц чанар, ходоодны галын илч, хэвлийн мөн чанарт тохируулан идээ ундааг хэрэглэдэг. Хоёрт, цаг улирлаас хамааран идээ ундааг зохицуулан хэрэглэнэ. Гуравт, нас сүүдэртэй уялдуулан бага хэрэглэдэг. Дөрөвт, биеэ цэвэршүүлж мацаг барих зэрэг олон төрлийн онцлогтой байсан.

Идээ ундааг ангилахдаа дараахь байдлаар авч үзэж байжээ. Тухайлбал “идээ”-г а) үр идээний зүйл; б) махан идээний зүйл; в) тосон идээний зүйл; г) ногооны зүйл; д) болгож найруулсан идээний зүйл; “ундаа”-г а) сүү, цагаан идээний зүйл; б) усны зүйл; в) архины зүйл хэмээн ангилж ирсэн билээ.
Идээ ундааг зөв хэрэглэх тухайд “Анагаахуйн дөрвөн үндэс” хэмээх зохиолд “ходоодыг дөрөв хувааж, дөрөвний хоёрт хоол идээ, дөрөвний нэгд ундаа, дөрөвний нэгийг хоосон байлгавал сайн гэжээ. Хөнгөн чанарын хоол хүнсийг цадтал идэх, хүнд шингэц муутай хоол хүнсийг цадтал идэхгүй байх, амархан шингэх зүйлийг илүүтэйд үзвэл биед зохимжтой болж, ходоодны галын илчийг сэлбэнэ” гэжээ.
Монголчууд аль болох бага идсэнээр тунгалаг цөвийн ялгаралт хэвийн байж, өнгө зүс сайжран мэдрэхүйн эрхтэнүүдийн үйл ажиллагаа тодорно гэж үздэг байжээ. Энэ нь нөгөө талаар хий, шар, бадгана махбодын өдрийн хөдлөл зүйтэй холбоотой юм.

Монгол соёл дахь Хооллох эрдэм нь хүний өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болохоос гадна анагаах дөрвөн эрдмийн нэг юм. Тиймээс дээхэн үеийн Монголчууд хүнс, хооллолтын талаар маш нарийн мэдлэгтэй байсан. Тухайлбал нэгд, өвчин оношлоход тэнсэх байдлаар хоол идүүлж, тус болох, хорлох байдлыг илрүүлнэ. Хоёрт, өвчтөний тамир хүчийг тос зэрэг шимт хоол хүнсээр тамирыг нэмэгдүүлнэ. Гуравт, эм заслын хүчийг сэлбэхэд хэрэглэнэ. Жишээ нь хий дийлэнхи болж, тамир барагдсан, цус алдсан, уушигны архаг өвчин, өтлөгсөд нойргүй болсон зэрэгт хонины мах, бурам, сүү, үйлдлийг дэмжиж, өвчнийг анагаана. Энэ тухайд “Хөх бэдэр” хэмээх сударт “Дэлхийд эм бус бодис гэж үгүй, 5 махбодь, 6 амт, арга билгийн чанар, 8 чадал, 17 эрдэм аль алинд бий. Тухайн өвчнийг эдгээхэд өвчинд харшлахгүй туслах идээ ундааг зөв сонгож, зөв хэрэглэж чадвал тамир хүчийг, эм заслын хүчийг нэмэх хандлагатай” гэжээ.

     Маханд нэг төрлийн сонин эрдэс байдаг гэнэ ээ. Хэрвээ тэр эрдэс хүний биед дутагдвал цацраг идэвхит туяанд цохиулсан юм шиг цагаан бөөм ихэсдэг юм байна шүү. Энэ нь махны уургаас ургамлын уураг хэд дахин сул байдаг, бас ургамлын уураг махны уургийг огтхон ч орлож чаддаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл ургамлын уургийг хичнээн их идээд ч махны уургийг орлуулж чаддаггүй ажээ. Бид уурагт ертөнцөд амьдардаг уурагт хөхтөн амьтад шүү. Үүнийг огтоос мартаж боломгүй. Ногоон хоолтнууд (тэд цагаан хоолтон биш шүү. Цагаан хоолтнууд бол холимог хоолтон буюу Монголчууд юм) махан хоолтнуудыг олон амьтны амь тасалдаг гэж ярих дуртай байдаг. Гэтэл тэд өөрсдийнхөө иддэг ургамал, ногоог амьгүй гэж үздэг нь гайхмаар шүү. Үнэн хэрэг дээрээ тэд чинь амьтай болоод ургаж байгаа шүү дээ. Шинжлэх ухаан ч амьтай гээд нотолчихсон. Тиймээс ч Америкт тариан талбай дээрээ уянгын дуу хөгжим тавьж сонсгож байгаад буудай ургуулж авдаг (1 га-гаас 120 центнер) юм гэнэ билээ. Тэгвэл тэд амьтайгаар барахгүй бүр сонсголтой болж таарч байна аа даа. Тэгэхлээр хэн нь олон амь тасалдаг харгис амьтан байна даа. Эсэргүүцэх буюу дургүйцэх хөдөлгөөн хийж чадахгүй, дуу гаргахгүй байгаа төдийгөөр амьгүй гэх гээд байгаа бол их андуурч байгаа хэрэг. Мухвар мөчид өнгөц сэтгэлгээ гэж энэ яах аргагүй мөн дөө. Тэгээд ч өрнөдөд ногоон хоолтнуудаа үй олон ургамлын  амь таслагчид гэж далдуур эсэргүүцсэн “жимсэн хоолтнууд” (fruitarians) гарч ирээд удаж байгаа билээ. Тэд аливаа амь таслахгүйн тулд мод, бутнаасаа унасан жимс, жимсгэнэ, самраар хооллодог хүмүүс ажээ.

     Хориод жилийн өмнө өрнөдийн анагаахын шинжлэх ухаан нэгэн үзэл баримтлалаасаа бас л татгалзахад хүрчээ. Тэд урьд нь хүний биед орсон бүх хоол хүнс ходоодонд боловсрогдоод байна гэж үзээд байсан чинь харин үнэн хэрэг дээрээ хоол олгой буюу бүдүүн гэдсэнд боловсордог гэдгийг арай хэмээн хожим хойно ч гэсэн олж тогтоожээ. Энэ шинэ үзэл баримтлал нь өрнөдийнхний хооллолтонд хачин их эргэлт гарахын эх үүсвэрийг тэр үеэс тавьсан юм билээ. Тэд хэт боловсруулсан хоол бол хэтэрхий их боловсруулагдсан учраас ходоодоор дамжаад гэдсэнд хүрч өтгөн болж өгөхгүй биед маш их уддагийг арай гэж л саяхнаас ойлгожээ. Хэт боловсруулсан хоол түгжрэл үүсгэх, өтгөн хатах, гүзээлэх зэргийг хамгийн түрүүнд өдөөдөг ажээ. Тиймээс цагаан талх, элдвийн боов бялуу гэх мэтийн хэт боловсруулсан, асар их цайруулагчтай хүнсний хэрэглээгээ тэд эрс багасгажээ. Одоо өрнөдийнхөн хар, бор талхаа л голлон идэж байна. Мөн хиам, чипс, хийжүүлсэн бүх төрлийн ундаа, йогурт, чихэр зэрэг арван муу, хэрэггүй хоолны болон таван чухал хүнсний жагсаалт гаргаж олонхи нь дагаж мөрддөг болоод байна. Өөрөөр хэлбэл малчин ард шиг борог хоолоор хооллодог болох тийшээ явж байгаа билээ.

     Нөгөө талаар олон янзын хүнс хольж идэхийг цээрлэдэг болж байна. Учир нь хүнд “элэг” гэдэг хор шүүгч гайхамшигтай эрхтэн байхгүй бол хүн хэрэглэж байгаа ердийн хүнснээсээ хордоод л үхнэ. Тиймээс элгэндээ ачаалал бага өгөхийн тулд цөөн тооны зайлшгүй хэрэгцээтэй хүнс хэрэглэх нь урт наслалтын (хэдийгээр урт наслалтын гени гэж байдгийг нээсэн болов чиг) үндэс болдог гэж үздэг болжээ. Элэг дассан хэдхэн хороо шүүж байвал шүүх чадвараа илүү хадгалж чадах уу, аль эсвэл өөр өөр төрлийн, урьд өмнө нь огт шүүж байгаагүй олон янзын хоруудыг шүүх гэж хүч гаргаж байвал тэр чадвараа илүү хадгалах уу гэдгийг нэг бодож үзэхэд учир нь хэнд ч тодорхой биз ээ. Хүний элэг гэдэг энэ эрхэм эрхтэн маань 1200 жил ажиллах чадвартай байдаг учраас л биднийг 70-150 наслуулдаг ажээ.

      Эцэст нь хэлэхэд манай Монгол анагаах ухаанд зохимжгүй идээ бол найруулсан хор гэж томъёолж өгснийг онцгойлон дурьдаж анхааруулахыг хүснэм. Хувилай хааны ордны эмч Хүсэхүйн бичсэн “Монгол гүрний идээ ундааны жинхэнэ товч” хэмээх бичгийн Оршил хэсэгт Сэтгэл бол өвч биеийн дээд захиргаа бөгөөд явдал бүхнийг эзэмшин захирч чадна хэмээн соёж сургасныг ойшоон үзэж, сааргүй их идэхийг чадахын хэрээр цээрлэж явбал зүйтэй бус уу. Өрнөдийн хүмүүс 1920 онтой харьцуулбал дөрөв дахин их иддэг болсон боловч таргалж бандайснаас бус эрүүл чийрэг болоогүй нь манай мэргэдийн үгийг нотлоном гэлтэй. Нөгөө талаар их иднэ гэдэг өвчтэй хүний шинж бололтой дог шүү. Өөрөөр хэлбэл биеэндээ буглаж буй гадны элдвийн нян (бактер), янгуудыг (вирүсүүдийг) тэжээж, өвчний эхийг тарих тэдний хүнс тэжээлийн тулган шаардлагыг биелүүлж байгаа хэрэг гэлтэй байдаг.

 Ж.Бор

  Д.Баатар

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …