Цагаан цаасан дээр хараар бичсэн зүйл юун түрүүнд бичсэн эзнээ юун хүн бэ, хэр зэргийн мэдлэг чадвартай этгээд вэ гэдгийг барьж өгч байдаг нэгэн онцлогийг агуулж байдаг. Бүр тодруулж хэлбэл нэгэн удаад бичиг зохиж хэвлүүлсэн хүн уншигчдын хувьд гэрэлд цохиулж, дугтуйгүй захидал аятай болох нь бий. Чухам эл учир “Геополитик тоглоом” хэмээх өгүүллийг уншжээ суухад Геополитикийн шинжлэх ухааны талаар мэдлэг тун муутай хэрнээ ердийн хүмүүс мэдэхгүй юм чинь тархи толгойг нь яаж ч угаасан болно гэсэн ухвар мөчид сэтгэлгээндээ өөрөө хэт автаж төөрөлдөөд зон олноор буруу замаар амархаан будаа тээлгэх санаатай булхайтай бэртэгчин аргадаа шинжлэх ухааныг ашиглах гэж муйхараар оролдсон нь илт харагдаж байх юм.
Аль ч шинжлэх ухааныг булхайтай үйл, далд санаархал, сэм явуулга, явцуу эрх ашиг, мунхруулах ажил явдалд хэрэглэх хориотой байдаг, хэрэглэсэн ч гэсэн амархан баригддаг гэдгийг мэддэггүй юм байх даа, хөөрхий. Ухвар мөчид, мэдлэг чадвар нимгэнийхээ харгайгаар аль нэг шинжлэх ухааны асуудлыг хөндөх болбол тухайн шинжлэх ухааны хэдэн нэрт төлөөлөгчдийн нэрийг жагсаагаад дурдчихвал, тэд нарын бүтээлийн талаар танилцуулсан хялбарчилсан нийтлэл шинжтэй зүйлээс олж авсан мэдээлэл төдийдөө түшиглээд алдаа мадагтай жаал юм биччихвэл л тэр шинжлэх ухааныг мэддэг болж харагдаад явчихна гэж богинохон ухаанаараа сэтгэж олсон шүү юм байх даа.
Андуурчээ, андуурч гэхээс өөрөөр яаж харамсалтай билээ. Ийм болхи арга бол харин ч тэр этгээдийг тухайн шинжлэх ухааны асуудлыг огт мэддэггүй гэдгийг шуудхан бариад өгчихдөг сонгодог зам мөр юм шүү. Энэ бол хятадын нэгэн үлгэрт өгүүлдэг “өөрийнхөө чихийг бөглөчихөөд хонх хулгайлах гэж оролдсон тэнэг мангуу нь дэндсэн хулгайч”-ийн арга барилтай эн зэрэгцэм эрүүл бус сэтгэлгээнд тулгуурласан ажил явдал мөн гэлтэй.
Аливаа шинжлэх ухаан гэдэг өөрийн гэсэн ай категориуд, томъёолол тодорхойлолтууд, зарчим хуулиуд, судалгааны арга барилтай байдаг даа. Тэдгээрт нь нэвтэрч боловсроогүй хэн ч байсан ямар нэгэн байдлаар өөрийнхөө явцуу эрх ашигт таацуулан ашиглаж, далд нэрсэн муу санаандаа хүрэх гэж оролдвол оюунт хүний нэрийг гутааж мангуугаараа гайхуулсан болох төдийгүй хүн төрөлхтөний эрүүл цэвэр оюун санаанд тэрсэлж, Өрнө дахины нэгэн суут ухаантны хэлснээр “эрдмийг нэгмөсөн нударгалах гэсэн хүний үхэл нь ирдэг” гэсэн ёр зөнд идэгдэх биз ээ.
Геополитикийн шинжлэх ухаан бол шинжлэх ухааны 20 орчим салбарын тэргүүлэх ололтууд, арга барилуудыг нэгтгэж гарч ирсэн харьцангуй залуу шинжлэх ухаан учраас задлан шинжилгээ, үнэлэлт дүгнэлт нь ямагт биелэх өндөр магадлалтай салбар шинжлэх ухаан гэж тооцогддог. Түүнээс биш чиний хөнгөн мөчдөөр ойлгоод байгаа шиг эрдэмтэн судлаачдынх нь “үзмэрдсэн үзмэрдэлт” биелээд байгаа биш юм. Тэдний төлөөлж, хүрээ хязгаар дотор нь зүтгэж яваа шинжлэх ухааны судалгааны өвөрмөц, онцгой аргад буюу ирээдүйг зөв төсөөлж, зөв үнэлэлт дүгнэлт өгөх аргачлалд л гол учир ужиг нь нуугдаж байгаа юм. Тэр тусмаа Геополитикийн судлаачид ирээдүйг “үзмэрдэх” гэж оролддог болхи боолхой “үзмэрчид” биш ээ.
Шинжлэх ухааныг хялбарчилж ойлгож болно гэх гэнэн бодол дотроо агуулж явдаг хүн бол тун ядарсан мэдлэг боловсролтой, боловсорч ухаажих яагаа ч үгүй өчүүхэн этгээд байдаг гээд хэлчихвэл энэ хорвоо дээр дуурссан хамгийн үнэн үгсийн нэгэн болох нь лавтай гэдэгт итгэнэм. Үүнийг Монгол түмний гүн утгат үгээр буулгавал “Саваагүй нохой саранд хуцаж” буй нь тэр гэлтэй.
Геополитикийн шинжлэх ухаан дахь “геополитик” гэдэг ойлголт бол чиний ойлгоод байгаа шиг тийм энгийн, хялбархан ойлголт хараахан биш юм. Маш олон талаас нь олон янзын тайлбар өгч болох, тэр ч бүү хэл халгаатай ч талтай, гайгүй ч талтай хүчин зүйл юм. Харин дэлхийн газрын зураг дээр өргөн сэтгэх оролдлогын хувьд бол манай хоёр их хөрш хоёулаа л өргөн сэтгэж байгаа гэдэг нь ойлгомжтой. Ухаан дутуу хүн шиг нэгийг нь хөнгөнд үзэж нөгөөг нь хүндэд үзэх шаардлага огт байхгүй. Геополитикт ийм аргачлал хориотой байдаг юм. Геополитикт чиний тоглох гээд байгаа болхи тоглолт, хялбарчилсан гэнэн оролдлого маш их төлбөр төлөөсөнд хүргэх аюул далладаг осолтой зүйлс байдаг. Үүнийг геополитикт уравсан хулгай, эсвэл бусдын гар хөл болж, тэдний далд бодлогод үйлчилж буй этгээдүүдийн явуулга гэж шуудхан үнэлдэг. Самардах муухай хумсаа муур шиг нуух гэж оролдовч ийм явдал торонд орж буй жарааахай аятай л геополитикийн арга барилд маш амархан илчлэгддэг.
Хаант Оросын засгийн газар газрын зураг дээр өргөн цараатай сэтгэж, өрнөөс дорно зүг давшиж эзлэн авсаар Номхон дөлгөөн далайн эрэг дээр гарч очихдоо зам зуураа нэг ч жижиг үндэстнийг устгаагүй гэдэг. Гэтэл өмнө зүгийн дүр зураг огт өөр байдалтай харагддаг. Өөрөөр хэлбэл тэнд гадны байлдан дагуулагч нарын ачаар газар нутгаа өрнө, умар, өмнө зүг тэлэхийн зэрэгцээ байлдан дагуулагчдаа уусган ор мөргүй үгүй хийж байсан. Тэгээд засгийн эрхийг өөрсдийнхөө болгож авсныхаа дараачаас нөгөө байлдан дагуулагч нарынхаа байгуулж өгсөн эзэнт гүрний цар хүрээгээр газрын зураг дээр өргөн сэтгэх гэж оролдож байв.
Хэрвээ хоёр хөршид маань өрнөдийнхний судлаачдын өгөөд байгаа геополитик дахь хэтийн төлвийн талаар бүхэлд нь ярих гээд байгаа бол аль алиных нь талаарх сайн муу оношилгоог дарж орхигдуулалгүй л бичиж ярих ёстой болж таарна даа. Хоёр их хөрш хоёулаа эрч хүчээ аваад хоёулаа эрчимтэй хөгжиж байгаа улс орнууд, гэхдээ онцлог нь Орос орон задралынхаа үеийг туулаад эрч хүчээ авч байгаа улс юм. Улс төрийн онолын үүднээс тодорхойлбол “нийлээд удвал задрахын шинж, задраад удвал нэгдэхийн шинж” гэдэг бичигдээгүй хуулийн дагуу улс бүрийн туулдаг “уналтынхаа үе”-ийг туулаад гарчихсан улс. Өөрөөр хэлбэл нялх бүхэнд маш их хүчтэй байдаг амьдрах эрч хүч үлэмж ихтэй улс гэж хэлж болно.
Харин хятадууд өөрсдийнхөө газар нутгийн дүрсээр улс орноо “хөгшин тахиа”-тай зүйрлүүлдэг. Өрнөдийн судлаачид Хятадад олон янзын далд сулрал хиймэл хөшигний цаана нуугдаж байна гэж онош тавьдаг. Тиймээс ч 2020 оныг Хятадын хувьд хүнд жил болно гэж үздэг юм билээ. Тэгээд ч хэрэглэгчийн ний+гэмд шүтсэн өнөөгийн соёл иргэншлийн туулах зам дуусаж байгаа гэдэг нь шинжлэх ухаанд улам бүр тодорхой болсоор байна. Тиймээс оюуны хэрэгцээнд шүтсэн шинэ соёл иргэншил гарч ирэх ёстой, оюунт хүний энэ дээд хэрэгцээг зөв хангаж өгч байж л зөв хөгжлийн хязгааргүй урт замаар орно гэж шинжлэх ухааны шинэ онолууд хүн төрөлхтөний хэтийн төлөвийг тодорхойлоод байгаа билээ. Хөгжил дэвшлийн энэ шинэ зам мөрийг хэн гаргаж эхлүүлж чадах вэ? Өрнөдийн орнууд, урд хөршийн аль аль нь хүчрэхгүй дэг ээ. Үүнийг асар их эрч хүчтэй шинэ залуу хүчин л хийж дөнгөнө.
Чи Монголчуудыг манжуудтай нийлж хятадуудыг хавсайдан дарлаж байсан гэж өнгөрснийг үзмэрдэх гэж оролджээ дээ. Түүхийг өөрийн мунхарч гүйцсэн сэтгэлгээнийхээ зоргоор мөн ч их хүчиндэхнээ дээ. Хаана байна тэр Манж гүрний Монгол ерөнхий сайд, яамны сайдууд, бүх цэргийн жанжид нь, нэр алдар нь хэн хэн гэдэг байсан юм, хэдийнээс хэдий хүртэл хятадуудыг захирч дарлаж байсан юм. Буруу зөрүү сэтгэлгээгээ нэг их өвөрмөц сэтгэсэн мэтээр эндүүрч өөрийгөө өөрөө тоож түхийлгэх гэж оролдож байх шив. Уул шугамандаа андуу байна аа. Тэгэж ухаантан, бусдад гайхагдсан өвөрмөц сэтгэлгээтэн болдоггүй юм. Баавартах гэсэн биш “ухаандаа ухна ишиг унагаж” гүйцэж дээ.
Монголчуудыг “энэ үндэстэн” гэх зэргээр бичиж байгаа нь өөрийгөө харь цусны хүн гэдгийг гаргууд сайн гаргаж өгсөн тодорхойлолт мөнөөс мөн дөө. Тэгээд ч мөрөөрөө суугаа эрлийз хурлийзуудыг бужигнаасай, хөдлөөсэй гэж битүү горьдож, бүтэлгүй мөрөөдөж, үзмэрдэж суудаг бололтой юм даг аа. Жинхэнэ эрх чөлөөтэй орны хаяа хярхаггүй эрх чөлөөг мэдэрч төрж өссөн тэд харь цусныхан ч гэсэн чиний үзмэрдсэн төдийгөөр эрх чөлөөний эсрэг босох нь юу л бол доо. Эрх чөлөө үндэс угсаа, цус гениэс шалтгаалалгүй хэнд ч эрхэм үг шүү. Эрх чөлөө сэтгэлд маш амттай мэдрэмж өгч байдаг.
Бас нэг улбагар сулхан тайлал чинь Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуайн хэлсэн үгийг бусад хүнийг хэлэлгүй чи ч өөрөө бас дутуу дулимагдуу ойлгочихож. “Бөгс цоорхой байж, өвдөг цоорхойг шоолов” гэгчийн үлгэр болсон бололтой. Ц,Гомбосүрэн гуайн “манайх мөрөөрөө байсан дээр” гэсэн энгийн юм шиг үг нь Геополитикийн үүднээс бол “Бид хоёр хөршөөсөө болгоомжлох ёстой бол хоёулангаас нь болгоомжлох ёстой. Таашаах ёстой бол хоёуланг нь таашааж байх ёстой” гэсэн утгатай үг болж бууна.
Үнэндээ ч манайх шиг хоёр хөршөөрөө хашигдсан эх газрын түгжигдмэл улс хоёр их хөрштэйгөө ижил тэгш харилцаж байх ёстой гэдэг нь хэтэрхий ойлгомжтой байтал нэгийг нь хэт муулж нөгөөг нь хэт таашааж байх ёсыг далд утгаар илэрхийлэх гээд оролдоод байгааг юу гэж ойлголтой билээ. Ийм асар их осол тарих зүйлийг гадныхны далд даалгавраар л хийдэг өдөөн хатгалга гэж Геополитикийн шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгдөг. Ийм хэл яриа, улайм цайм явуулгын цаана өрсөлдөгчөө шахан зайлуулж, орон зай эзэлж авах гэсэн далд санаархал ямагт зогсож байдаг нь ойлгомжтой байдаг. Монголчууд маань нэгэн хөршдөө үзэл суртлаар дөрлүүлж нөгөө хөрш рүүгээ давшлан муучилж байсан бэрх цөвүүн цагийг туулж өнгөрүүлсэн. Тэр цагийг дахин эргүүлэн авчирч тиймэрхүү дайран давшлалтыг хойд зүг эргүүлнэ гэвэл арай л гэнэн мөрөөдөл, явуургүй оролдлого болох биз ээ. Тэр тусмаа түүнийг хүсэмжлэгч ганц хоёрхон этгээдүүдийн явуулга, өдөөн турхиралтаар түүхийн хувьд тийм явуур муутай үйл явдалд дахин хутгалдах нь юу л бол доо. “Дураа цаашаа духаа наашаа” гэж хэлмээр юм уу даа.
Монголчууд бидэнд тусгаар тогтнол маань юу юунаас ч илүү үнэтэй. Монгол нутаг дээр минь энэ дэлхийн аль ч улсад, аль ч өнцөг буланд байхгүй дэндүү тэнүүн эрх чөлөө бий. Татаарын их найрагч Муса Жалилын харуусалтайгаар хэлсэн “Тусгаар тогтнолоо алдаад зуун хөлтэй үлдсэн ч гэсэн тэр хөлөөрөө хаана гишгэх юм бэ?” хэмээх үгсийг жинхэнэ Монгол зүрх сэтгэлтэй хүн бүхэн ойлгоно оо. Түүхийн хатуу ширүүн сорилын өмнө унаж босохын алинд ч эндэж гундаагүй хатан зоригт өвгөдийнхөө замаас хэрхэвч гажихгүй ээ. Хотол дэлхийг нойрноос сэргээсэн хорвоод хосгүй үүх түүхээ өрөөл бусад хэний ч түүхэнд хавсарга болгож өгөхгүй ээ. Хүн төрөлхтөний соёл иргэншилд хандивлан өргөн барьсан Морьт-төмрийн агуу соёл, түүнээс улбаатай чөлөөт худалдааны сэтгэлгээ, алтан баталгаат цаасан мөнгө, цөөнөөр олныг ялах цэргийн урлаг, оюун ухааныг дээдэлсэн Мөнх Тэнгэрийн үзэл, дархан халдашгүйг тунхагласан дипломатын ёсон, төр ёсны сургааль, өвгөдийн гайхамшигт ёс заншлаа харь соёлын чимэг зүүлт болгохгүй ээ.
Монголын тусгаар тогтнолын төлөө амиа зориулсан орос хүн олон гарсан, хятад хүн нэг ч гараагүй гэдгийг бид хэзээ ч мартамгүй. Монголчууд өргөдөл бариад өмнө зүг гүйнэ гэж мөрөөдсний ч хэрэггүй биз ээ. Тэгэж үзмэрдэж, тэгэж сэрүүн зүүдлээд яахав. Ямар ч Монгол хүний толгой тархинд хэзээ ч оромгүй зүйлийг сэм шургуулах гэж дахин дахин оролдоод байгаа чинь харь цустай, далд муу мөрөөдөлтэй, хүйтэн сэтгэлтэй хүн гэдгийг харуулж өгч байгаа зүйл яах аргагүй мөн.
Харийнханы мөнгөөр араасаа гуядуулж байдаг зоосны нүхээр харагчдад ичих нүүр гэж огт үлддэггүй бололтой. Ам руугаа алгадуулаад байгаа атлаа дахин дахин амаа ангалзуулаад байдаг нь үүнийг нотолно оо. Арга ч үгүй биз дээ мөнгө гаргаж хөгжмөө захиалагчийн ёсоор далд эзэд нь араас нь хатгаж шавдуулж зүгээр суулгахгүй байхад “ичих нүүрэндээ элэг нааж, айх нүүрэндээ арьс наахаас” өөр арга үлдэнэ гэж хэлэхэд хэцүү л юм. Ажил амьдрал нь нууц эздээсээ бүх талаар шалтгаалж байдаг этгээдүүд эзнээсээ үхтлээ айж явдаг гэдэг бичигдээгүй хууль ч бас бий дээ. Арчаагүй аргаар амь зууж, харийнханыг бэлбүүрдэж, бусдын өмнөөс аяглаж, амьдралаа жүжиг ший болгосон, үнэн нүүргүй амьтны байдлаар хорвоог элээхийг юуны сайхан гэх билээ.
Эх орноо хайрлаж, эх эцгээ халамжилж, өтгөс буурлуудаа дээдэлж, ах захаа хүндэлж, үр хүүхдээ энхрийлж, эх дэлхийгээрээ бахархаж, хүн бүхний өөдөөс эгц зоримог харж, зүрх сэтгэлдээ шатаж, Монгол хүний ёсоор шударга шулуун, ичгүүргүй амьдарч явахад хувцас нимгэн, ходоод дундуур ч хэмжээлшгүй сайхаан.
Ж.Бор
Д.Баатар