Монголын Уран Зургийн Галерейд “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хөрөг зургуудыг уран бүтээлч Мягмаржавын Алтанхундага зурсан юм.
Нээлтийн ёслолд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П. Очирбат, Монгол улсын Төрийн соёрхолт МУГЖ Д. Сосорбарам, Шог зураач СГЗ С.Цогтбаяр, Ардын уран зохиолч, СГЗ зохиолч Б.Бааст, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяандагва болон, уран бүтээлч М. Алтанхундагийн гэр бүлийн хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр Уран бүтээлч Мягмаржавын Алтанхундагийн баярын сэтгэгдлийн сонслоо.
Тэрээр “Өнөөдөр миний хүсэл биеллээ. Хүмүүс зургуудыг хараад өөр өөрсдийнхөөрөө хүлээж авч байна. Хүн өөрийгөө ЗУРГААС олж харна гэдэг их сонин зүйл байдаг. Өнөөдөр үзэсгэлэнд ирсэн хүмүүс тэр зүйлийг дотроо мэдэрч байгаа гэж бодож байна. Хэрвээ намайг зурчихсан байвал хамгийн түрүүнд би ийм хүн билүү гэж бодно. Ардын уран зохиолч, СГЗ зохиолч Б.Бааст гуай зургаа харчихаад “Эхлээд би өөрийнхөө зургийг анзаараагүй, тэгээд зургуудын хажуугаар хоёр гурав алхаж байгаад харсан чинь миний зураг өөдөөс босоод ирсэн шүү дээ. Миний нүдний харц яг байна” гэж хэлсэн хэмээн ярилаа.
“Хүн” хөрөг зургийн үзэсгэлэн нээлтэнд уригдсан Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат “Миний одоо байгаагаас их гоё, залуу байдалтайгаар зурсан байна. Зургийг хараад дотоод сэтгэлийг илэрхийлнэ гэж зураачид яриад байх юм. Дотоод сэтгэл нь залуу байгаа болохоор байгаагаасаа залуу харагдаж байна гэж бодлоо” гэв.
Харин Ардын уран зохиолч, СГЗ зохиолч Б.Бааст “Хүний хөрөг зургийг ингэж зурна гэдэг үнэхээр гайхамшигтай. Энэхүү зургуудаар хар цагаан болон нүгэл, буян, сайн мууг нь ялгаж харуулсан бүтээл болжээ. Намайг бол яг л адилхан зуржээ. Эхлээд би өөрийгөө зургийг хараад таниагүй. Хоёр гурван удаа харж байж танилаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлч М. Алтанхундага Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны “Сайн хөрш 53” СӨХ-ийн номын санд “Хүн” үзэсгэлэнгийн зургаас бүтсэн номоо дурсгалаа.
Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны “Сайн хөрш 53” СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Оюунчимэг “Их сайхан Монгол нутагт эргэх он цаг тооллын дагуу морилон ирсэн нохой жилийн босгон дээр авьяаслаг, оюунлаг, хүчирхэг Монголчуудын үр сад, залуу уран бүтээлч М.Алтанхундагийн уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Гайхалтай хөрөг зургууд, хүний дүр төрх, үзэл бодол, хэлэх үг, хөдөлгөөн нь нэвт шувт ханхална. Ийм залуухан уран бүтээлч ингэтлээ хүмүүний амьдралын торгон агшнуудыг, дотоод мөн чанарыг яасан гайхалтай урлан вэ. Гуравхан сая хүн амтай, бидний Монголчууд тоолвол гарын арван хуруунд ихдэх шатрын их мастеруудтай, түүнчлэн оюуны спортын хэдэн зуун түүчээ болсон залуустай, мөн авьяас нь бялхсан энэ зураач залуу шиг, сод тод, оюун сэтгэлгээтэй ийм залуучуудаар бид бахархаас яах билээ” гэж урмыг үг хайрласан юм.
Г.Нараа