УИХ-ын гурван эмэгтэй гишүүн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 62 дугаар чуулганд оролцож үг хэлж байна. Сүртэй өгүүлбэр байгаа биз. Боорцог идэж, бохь зажилж, ширээ хэсч хурлаа андуураагүй л байлгүй дээ. Логикын хувьд энэ зурагнаас хэд хэдэн алдаа ажиглагдлаа. Гишүүн үг хэлж, нөгөөдүүл нь анхаарлаа хандуулж, зарим нь бичлэг хийж байна. Гэвч чуулганы танхимыг харвал хуралдаж байгаа шинж алга. Ихэнх сандлууд хоосон байгаагаас үзэхэд нэг бол хурал эхлээгүй, нэг бол түр завсарласан байж болох юм. Харин манайхан яг л чуулганыхаа танхимд ирцгүйгээр хуралддаг шигээ идэвхтэй сууж байна. Эсвэл зураг даруулах гэж идэвх гаргасан байж болох л юм.
Дараагийн нэг алдааг УИХ-ын гишүүн асан, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан олж харжээ. Тэр бол манай гишүүдийн хэлний мэдлэг. НҮБ-ын хуралдаан ихэнхдээ академик түвшний англи хэл дээр явагддаг. Эндээс манай гишүүд хэлний бэрхшээлгүйгээр хурлын үйл ажиллагаанд оролцож байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл чихэндээ орчуулгын чихэвч зүүсэн хүн алга. Б.Жаргалсайхан энэ талаар “НҮБ-ын чуулган маш сайн орчуулагчтай байдаг. Чихэвчээ зүүгээгүй улс орны төлөөлөгчийг эвэртэй туулай харсан мэт гайхаж хардгийг хэлэх хэрэгтэй л дээ” гэж тайлбарласан байна. Тэгэхээр манай хүүхнүүд яг чуулган хуралдаанд суугаагүй гэдэг нь энэ зургаар нотлогдоод байх шиг. Эсвэл тэдний хэлний мэдлэг төгсөрчихсөн байх.
Удаах алдаа. Нөгөө туршлага судлах нэрээр Бразилд зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж, зугаалж яваад ирсэн нийслэлийн төлөөлөгчидтэй адилхан зүйл харагдаад байгаа юм л даа. Хоосон ширээн дээр мундаг идэвх царайлаад сууцгааж байдаггүй юу. Яг үнэндээ туршлага судалсан зүйл үгүй зүгээр аялж, зугаалж яваад ирцгээсэн нь ойлгомжтой. Харин манай гурван гишүүний үйлдэл тэднийхтэй их л ижилхэн харагдаад байгаа юм. Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулганд сууснаар давуу тал юу байх вэ талаар энд бичихээс татгалзлаа. Харин дүр исгэсэн зургийн цаана хурал чуулганаас юу мэдэж ирэх вэ л гэдэг л сонин санагдаад байна. За тэгээд өөрөөс нь гарах биш татвар төлөгч бидний халааснаас эдний зардал, хоол, байрлах зочид буудлын мөнгө гарч байгаа болохоор хаана ямар чуулга, хуралдаан болно тэр бүгд рүү оччихоод ирэхийг боддог байлгүй дээ.
Шар хүү