Б. Хурцад хонзогносон Ц. Нямдорж сайд Лу. Болд гишүүнийг Женев рүү илгээсний учир юу вэ

У.Хүрэлсүхийн танхим дахь хамгийн “үнэтэй” сайдуудын нэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Хэдийгээр “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын төлөө гарын үсэг зурсан гишүүдийн нэг нь ч сайд болохгүй” хэмээн мэдэгдэж байсан ч тэрбээр энэ албанд тав дахь удаагаа томилогдсон. Үүнийгээ “МАН дахь фанатуудын маань хүсэлт, нийгмийн захиалга” гэх гоё үгээр тайлбарладаг. Тиймээс ч дураа хүрэхээр “Хуулийн хайч хөдөлгөнө, сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” хэмээн камерын өмнө мэдэгдэж, дургүйгээ хүрэхээр “Танхимаас чинь гарна шүү” гэж У.Хүрэлсүх тэргүүтнийг айлгадаг гэмтэй. Ийм л нэгэн эрхэм “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” корпорацийнхантай үзэлцэж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг сайдынхаа суудлаас дахин “шүүх” болсоор хагас жил өнгөрлөө.

            Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд хүссэн бүх эрх мэдлээ гартаа оруулжээ. Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа буюу 2017 оны аравдугаар сарын 26-нд “Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийг тагнуулаас дандаа салгасан байдаг. Ямар санаа зорилготойг нь мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид энэ хэрэг дээр ажиллаж буй ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах талаар тодорхой тусгасан. Гэтэл өнгөрсөн 19 жилийн хугацаанд ажлын хэсгийг арван удаа тараасан. Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа дөрвөн ажлын хэсгийг татан буулгасан. Энэ хүн сайд болохоороо ТЕГ-аар оролддог” гэх ноцтой мэдэгдэл хийснээс хойш хэдхэн цагийн дараа Ц.Нямдорж сайд Төрийн ордонд “Яг одоо Б.Хурцыг солино” гэж хэлсэн ёсоороо Д.Гэрэл хэмээх хуучны кадрыг ТЕГ-ын дарга болгож байсан юм. Харин худ ургийн холбоотой С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилсон. Тагнуулч Б.Хурц “Ц.Нямдоржийн улс төрийн цаад зорилго нь “Эрдэнэт”, С.Зоригийг хөнөөсөн хэрэг” хэмээн хурц мэдэгдэл хийхтэй зэрэгцэн Ц.Нямдорж сайд салбартаа ийнхүү хуучны танил, худ ураг, нутаг ус гэхмэтчилэн сүлжээ бүхий албан тушаалын хуваарилалт хийсэн нь АТГ-ыг ч атгандаа оруулах ашиг сонирхлоор өргөжсөн аж. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд ТЕГ, ЦЕГ, АТГ хэдийнэ багтжээ. Хэдийгээр түүний эрхлэх ажлын хүрээнд АТГ, шүүх, прокурор багтдаггүй ч тэр хүссэн зүгтээ гар сунгаж, хурууныхаа үзүүрээр хөдөлгөх эрх мэдэлтэй болсон гэсэн үг. Эрх баригч хүчин ийнхүү У.Хүрэлсүхээсээ ч илүү эрх дархтай Ц.Нямдорж гэдэг “Хаан”-тай болжээ.

            Ц.Нямдорж сайд АН-д Ж.Батзандан, Лу.Болд гэдэг “Асар, Басар хоёр”-той. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал дээр эр бар байсан Ц.Нямдорж 51 хувийг барьцаалсан тухай дуулиан дахин дэгдмэгц “нуувч”-нд орчихоод байгаа энэ үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар түүний дохио зангаагаар хөдөлж байна. Нэг үгээр хэлбэл, тэд Б.Хурц гэдэг хурц сэдвээр улс төр хийсэн хэвээр байгаа юм. Кинонд “Хөөрхий дөө, хэний зараалаар ингэж явдаг юм бол” гэж гардагчлан УИХ-ын гишүүнээр Ц.Нямдоржоос ч дутахгүй олон жил ажиллаж буй туршлагатай, Ц.Нямдоржийг бодвол өндөр боловсролтой Лу.Болд, нэгэн үе Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын эсрэг гудамжны улс төр хийж явсан Ж.Батзандан нар Хууль зүй, дотоод хэргийн сайдад ямар нээнтэгтэй болоод ийнхүү далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явдаг нь сонин. Ж.Батзандан гишүүний тухайд, хоёр ах нь хуулийнханд шалгагдаж явсан баримтууд, “Долдугаар сарын 1”-ний хэрэг, Хятадын “Тан-Луу” компанийнхнийг өмгөөлж явсан түүх, Лу.Болд гишүүний хувьд хойд солонгосчуудад 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан, үүнээс болж Хойд Солонгосын прокуророос өнгөрсөн онд өр нэхэмжилсэн албан бичиг ирсэн гэх асуудал, БХЯ-ны экс удирдлагуудын холбогдсон “Онгоцны хэрэг” гэхчлэн барьцаалагдах шалтаг олонтой байж мэдэх. Ц.Нямдорж сайдад “олзлогдсон” АН-ын хоёр гишүүний талаарх хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдээс цухас дурдвал ийм. Харин хашир сайд тэднийг өөр ямар ноцтой фактуудаар нь барьцаалж, улс төрийн тоглоомондоо ашиглаж байгаа бол?! Угтаа УИХ-д есхөн суудалтай сөрөг хүчнийхэндээ дэм болж, МАН-ынхны муу муухайтай тэмцэх учиртай хоёр гишүүн нь АН-ын заналт дайсантай ийнхүү хоолой нийлүүлэн улстөржиж буйд С.Эрдэнэ тэргүүтэй намынхан нь мэдээж дургүй л байгаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнгөрсөн жил АН-ын даргын марафонд өрсөлдөж байхдаа “Тэр 49 хувь дээр улайрч байгаа Ц.Нямдорж гэдэг нөхөр “Эрдэнэт”-ийн 51 хувь дээр яаж тоглосныг би ганцхан жишээгээр хэлье.  Н.Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн”шахаа” хийсэн байдаг. Одоо Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө цэвэр ариун энхийн цагаан тагтаа болчихсон юм яриад явж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 51 хувь дээр тухайн үеийн эрх баригчид тоглож, хэдэн тэрбум төгрөгийн бэлгэвч, 00-ийн цаас шахсан. Надад өнөөдөр бүх баримт нь бий” гэж мэдэгдсэн нь сошиал ертөнцөөр нэг дуулиан дэгдээж байв. Харин Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайхан 2011 оны арваннэгдүгээр сард “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө “2004 онд намайг АН-ын дарга байхад “Даргагүй нам сонгуульд яаж орохыг чинь харна аа” гэж Ц.Нямдорж дарамталж байв. Одоо бодох нь ээ Францаас хүн хулгайлж ирж, намайг гүтгэх арга хэмжээ зохион байгуулж байснаа хэлж байсан юм билээ. Энэ бол түүний гэм биш зан. Ц.Нямдорж айлган сүрдүүлэхийг Монголд хамгийн их тохирно гэж үздэг хүн” гэж дурдсан байдаг. Тэрбээр энэхүү ярилцлагадаа “Ц.Нямдоржийг Хятадын тагнуулын албанд санамсаргүй болон санаатай үйлчилсэн тухай яриа дэгдэхэд өөрийгөө хамгаалахын тулд генерал Ж.Баатарыг шоронд явуулж билээ. Манай тагнуулын байгууллагад өгсөн том цохилт гэж үүнийг хэлж болох байлгүй. Зарим материал нь надад одоо ч бий” хэмээн өгүүлснийг энд онцолъё. Энэмэтчилэн АН болон лидерүүдийнх нь тухай бараан түүхүүдэд Ц.Нямдоржийн нэр холбогддог атал Ж.Батзандан, Лу.Болд хоёр юуны учир түүний сүүлчийн цамцны суганд “хавчуулагдах” болов!

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар Ц.Нямдорж гэдэг МАН дахь “эзэн”-ийхээ даалгавраар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг намнах гэсэн биш хоосон хана мөргөж, хууль шүүхийнхний өмнө эвгүй байдалд ороод байгаа. Төрийн ордонд хийсэн мэдэгдлүүд нь хий хоосон шоудалт төдий замхарч, шүүхээс Б.Хурцыг гүтгэснийг нь тогтоосонд Ж.Батзандан гишүүн байж ядаж байна. “Уучлалт гуйхгүй” гэж хий л улалзах тэрбээр бантсандаа Ерөнхий сайд асан С.Баярыг дараагийнхаа байгаар сонгосон. Ц.Нямдоржийн “Басар”-ын дүрд тоглогч эрхэм гишүүн өнгөрсөн өвөл Германд очиж “Талийгаач Д.Энхбатын гэр бүлийнхэнтэй уулзлаа” гэснээс өөр ямар ч баримтгүй ирснийг энд дурдахад илүүдэхгүй биз. УИХ-ын дэргэдэх Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийтийн сонсгол хийхийн тулд 900 хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой. Би хууль зөрчиж чадахгүй” гэж чуулганы танхимд хатуухан сануулсан атал Ж.Батзандан, Лу.Болд нар хууль зөрчин байж Б.Хурцыг “Нийгмийн дайсан” болгон харагдуулах зорилготой нийтийн сонсгол гэгчийг зохион байгуулсан. Ингэхдээ уйлсан, дуулсан, учраа мэдэхгүй голдуу иргэдийг улс төрийн тоглоомондоо ашиглаж Төрийн ордонд Б.Хурцыг шүүх ажиллагаа явуулсан нь мөнөөх “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй” гэдэг хуулийн заалтад хэр нийцсэн юм бол… Ж.Батзандангийн ээлжит бай болчихоод байгаа Ерөнхий сайд асан С.Баяр нийтийн сонсгол хийх нэрийдлээр нэг хүний эсрэг өргөн фронттой дайралт хийх зорилготой энэ шоунд нь хэвлэлээр дамжуулан хоржоонтой хариултыг өгчээ. “Ж.Батзандан намайг юун хэлэлцүүлэгт уриад байгааг ойлгоогүй. Намайг гэмт хэрэг хийсэн эсэхийг нийтээр хэлэлцэж тогтоох гээд байгаа юм уу. Би уг нь хуульч мэргэжилтэй хүн. Ж.Батзандан гишүүн бас хуульч гэсэн. Парламентын нээлттэй хэлэлцүүлэг гэж юу байдаг тухай хуулийн ангийн хоёрдугаар курст заадаг. Тэр хичээл дээр “Төрийн дотоод, гадаад бодлогын онцгой чухал асуудлыг албан тушаалтан, эрдэмтэн судлаач, олон нийтийн төлөөлөл оролцуулан парламентын бүтцийн байгууллагаар хэлэлцэх зохион байгуулалтын хэлбэрийг парламентын нээлттэй хэлэлцүүлэг гэнэ” гэсэн байдаг… Манай улсын хуулийн сургуульд ингэж заадаг. Аль нэг оюутнаас сурах бичгийг нь түр зээлж аваад харчихаж болно л доо” гэж. Ерөнхий сайд асан С.Баярын энэ хариултаас харвал, Ж.Батзандан, Лу.Болд нар дүн өвлийн хүйтэнд хот, хөдөөнөөс иргэдийг дуудан ирүүлж Төрийн ордонд Б.Хурцын эсрэг “шүүх хурал” зохион байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байсан гэдэг нь тодорхой байгаа юм. Ц.Нямдорж сайд зохиолыг нь бичиж, Ж.Батзандан, Лу.Болд нар оролцон тоглож яваа энэ “жүжиг” ийнхүү бүтэлгүйтсээр байна.

“Эрдэнэт”-ийн 51 хувиас үүдэлтэй дуулиан Төрийн банк, Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нарын хэрүүлээр үргэлжилж, хуурай дүү С.Анхбаярыг нь АТГ-ынхан “Эрдэнэт”-д 42 сая ам.долларын шахаа хийсэн гэх хэргээр саатуулсан энэ үед Ц.Нямдорж сайд “хөшиг”-ний цаана яаж ч чадахгүй бухимдаж байгаа нь тодорхой. Гэвч “Эрдэнэт”-ийн 51 хувийн дуулианаас болж 49 хувийнхантай хийх хэрүүлээ түр завсарласан түүнд С.Зоригийг хөнөөсөн хэргээр одоо л улстөрждөг цаг. Энэ хэргийн гүйцэтгэгчдийн нэг гэгдэх Б.Содномдаржаагийн уран үг, уянгын халилтай “Хэн нэгэн өмнөөс нь бичсэн болов уу” гэмээр захидал хэвлэлүүдээр саяхан гарав. Хэрэв тэр залуу захидлыг өөрөө бичсэн бол хорихоос хэвлэлд нийтлүүлэх хүртэлх ажлыг хэн зохион байгуулсан байж болох вэ. Гэвч тэрхүү захидал олон нийтийн анхаарлыг төдий л татаж, Б.Хурц болон хуулийнхныг муухай харагдуулах хүсэлтэй хүмүүсийн хүссэнээр сошиал давалгаа үүсгэж чадсангүй.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүх нар “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэргээр 2014 оны долдугаар сард баривчлагдаж байв. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин нар Төв аймагт эргэж очихдоо хорихын ажилтнуудыг Л.Гансүхийн өмнө жагсааж зогсоосон дүр зураг олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөж байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар ч тэдний нэгэн адил С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон этгээдүүдтэй саяхан очиж уулзсан тухай хэвлэлээр ПР-дацгаав. Чингэхдээ “Улсын онцгой объект учраас та нарыг дотогш нэвтрүүлэхгүй шүү” гэж урьдчилж анхааруулалгүй авч явсан нь зарим сэтгүүлчийг “Хамт дагуулж орохгүй байсан юм бол яах гэж гадаа өдөржин зогсоож, хамаг цагийг маань үрсэн юм бэ” гэж твиттер, фэйсбүүкт бухимдахад хүргэв. Харин Лу.Болд, Ж.Батзандан нар хэвлэлийнхэнд “Уулзсан хүмүүсийн биеийн байдал, хоригдож буй орчин хэвийн байна” гэсэн хариултыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хэвлэлүүдэд “Тэр хүмүүст тариа хийж мансууруулсан. Эрүүдэн шүүж хилс хэрэг тулгасан” гэх утгатай мэдээллүүд гарч байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ гэдгийг эрхэм гишүүд өөрсдийн нүдээр харцгаасан нь тэр. Тэгээд ч хууль хяналтынхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эл хэргийн талаар танилцуулсан. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд багтдаг албан тушаалтнууд С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй болсныг улс төрийн хүрээнийхэн ярьцгаадаг. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ц.Нямдорж сайдад “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Та бүхэн хөндлөнгөөс бүү оролц, битгий улстөржүүл” гэж хатуухан анхааруулсан аж.

Харамсалтай нь Ц.Нямдорж сайд Ерөнхийлөгчийн үгийг үл тоомсорлож, ШШГЕГ-ын дарга, Увс нутгийн дүү Ц.Амгаланбаярынхаа тусламжтайгаар Ж.Батзандан, Лу.Болд нараар ял сонссон этгээдүүдийг эргэж очуулсан гэдэг шүү! Ц.Амгаланбаярын тухайд, байгууллагадаа фургон авах мөнгөөрөө сайддаа үнэтэй машин бэлэглэсэн баримтуудаараа олны хэл аманд өртсөн нь саяхан.

С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүнийг мөрдөн шалгах ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид ч Монголд үе үе ирж холбогдох албаныхантай энэ талаар уулзаж санал солилцдог. Тус холбооныхон өнгөрсөн онд манай улсад ирж С.Зоригийг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.

Энэ явдлын дараахан буюу 2017 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд “С.Зоригийг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргах саналыг Ц.Нямдорж сайд хоёр долоо хоногийн дараа Засгийн газарт оруулна” гэж мэдэгдсэн, бас “Хэргийн зарим материалыг ил болгохоор шийдвэрлэлээ” гэж Ц.Нямдорж сайд мэдээлсэн ч олон нийтэд одоо болтол ил болоогүй байна. Харин Олон улсын парламентын холбооны 138 дугаар ассамблей 2018 оны гуравдугаар сарын 24-нд буюу өнгөрсөн бямба гарагт Швейцарийн Женев хотноо эхэллээ. Ассамблейд УИХ-ын гишүүн Лу.Болд, О.Баасанхүү нар оролцож байгаа аж. Эндээс бас нэгэн сонин дүр зураг харагдана. Лу.Болд гишүүний хувьд оны өмнөхөн УИХ-ын дэргэдэх Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох гэж багагүй хэл ам дэгдээсэн. Магадгүй, тэрбээр энэ дэд хорооны гишүүн гэдгээрээ имиж хийж Олон улсын парламентын холбоон дээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ээлжит улс төрөө хийх биз.

Ц.Нямдоржийн хүслээр хилийн чинадад ийнхүү улс төр хийх нь БНСУ-д Элчин сайдаар томилогдох Б.Хурцыг “Монголын нийгмийн гол дайснуудын нэг” болгож харагдуулах. БНСУ-аас өнөө, маргаашгүй агриймэн нь ирэх гэж буй түүний талаар Олон улсын парламентын холбоо, түүнээс улбаалж Элчин сайдаар томилогдон ажиллах гэж буй улсад нь эвгүй мессэж өгч тээг тавих оролдлого төдий улс төрийг Б.Хурцын эсрэг гурвал ийнхүү дэглэсэн байж болох юм. Үүссэн нөхцөл байдлаас харахад шүү дээ. Харин Лу.Болд Женевээс Б.Хурцын эсрэг ямар мэдээлэлтэй ирэх бол?! Ж.Батзандан гишүүн Герман руу яваад ганзага хоосон ирсэн, Лу.Болд Женевээс Ц.Нямдоржийг баярлуулах мэдээтэй ирэх болов уу.

Б.Чулуун

Эх сурвалж: analiz.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …